Өвөрхангай аймгийн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо байгуулсан тухайгаа өчигдөр мэдэгдэв. Тэд “Ард түмний сонголт ХААН сонголт байна” гэж хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос сонгох эрхээ боомилуулсан Өвөрхангайн иргэд, шударга үнэний дуу хоолой болох учиртай шүүх засаглал хоёрт анхаарлаа хандуулахыг хүсч байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы танхимд 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн тойрогт АНаас нэр дэвшсэн Д.Зоригт тангараг өргөсөн нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

Баримт сөхвөл УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 санал авч Өвөрхангай аймгийн Сонгуулийн тойргийн хороо 2012 оны долдугаар сарын 1-ний өдөр С.Чинзориг, Н.Төмөрх үү нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь олгоод байв. Өвөрхангайд МАН хоёр суудалтай болов гэсэн мэдээ цацагдсанаас хойш хоёр өдрийн дараа буюу долдугаар сарын 3-нд Г.Батхүү, Д.Зоригт нарын үүсгэсэн гомдлоор Хан-Уул дүүргийн шүүх Өвөрхангайн сонгуулийн асуудлыг хэлэлцэж “МАН-ын нэр дэвшигчид сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан” гэж үзээд тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Тус дүүргийн шүүх хэрэг үүссэн нутаг дэвсгэр буюу харьяалах аймаг, сумыг алгасан Г.Батх үү, Д.Зоригт нарын нэхэмжлэлийг хэлэлцэхдээ хариуцагч этгээд буюу МАН-ын хоёр нэр дэвшигчээс ямар ч тайлбар аваагүй юм. Энэ шүүх хурлаас Өвөрхангайд өрсөлдсөн нэр дэвшигчдийн асуудлыг бусад анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэлэлцүүлэх арга замыг хааж, шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдсэн байв. Гэсэн ч МАН-ын хоёр нэр дэвшигч энэ шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимд хандаж, Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож авсан. Энэ хариу АН-ын нэр дэвшигчдэд таалагдаагүй тул Өвөрхангай аймгийн шүүхэд хандаж, маргааныг дахин өөрсдийнхөө талд шийдүүлж, хоёр тал гомдлоо Улсын дээд шүүх хүртэл шидэлсээр зунтай золгоод байв. Тус тойргийн нэр дэвшигчидтэй холбоотой маргаан нэг тийш болоогүй удсан ч шалтгаан эрх баригч АН, МАН-ын УИХ дахь бүлгийн барьцаатай холбоотой байв. Парламентад хамгийн олон суудалтай ч Засгийн газрыг дангаараа байгуулж дийлэхг үй Ардчилсан Нам, 25 суудалтай, сөрөг хүчин болсон МАН хоёр удтал толхилцсоны эцэст УИХ-ын үлдсэн тойргуудыг хувааж авахаар тохирсон байдаг. Энэ тохироо ёсоор хоёр нам Өвөрхангайн хоёр суудлыг нэг нэгээр нь авахаар болж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүүг шинэ оны өмнө тангараг өргүүлсэн билээ. Түүний араас МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг тангараг өргөх ёстой байсан ч АН хүч хэрэглэж, Д.Зоригтод тангараг өргөх боломж гаргасан гэж тэд үзэж байна.
Он дамжсан ч сонгуулийн будилааныг шударгаар шийдэхийн оронд иргэдийн ХААН сонголтыг уландаа гишгэж, Өвөрхангайн сонгогчдын итгэлийг харлуулсан нь харамсалтай гэж мэдээлэл хийсэн иргэд ярьж байна. Сонголтоо үнэгүйдүүлсэн Өвөрхангай аймгийн Сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хороо энэ сарын 15-нд Өвөрхангай аймгийн төвд жагсаал, цуглаан зохион байгуулах аж. Энэ үеэр Г.Батх үү, Д.Зоригт нарыг УИХын гишүүнээс эгүүлэн татах хүсэлт тавьж, сонгогчдын гарын үсгийг цуглуулан Ерөнхийлөгч, УИХ, СЕХ-нд хүргүүлэхээр төлөвлөжээ. Тэд эрх бүхий байгууллагууд шударга сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх хүртэл улс төрийн тэмцлээ зогсоохгүй гэнэ. Маргаан даамжирч буй Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүн Г.Батхүү тангараг өргөснөөсөө хойш нэг ч удаа очоогүй аж. Тэгээд ч энэ хүнд өвөрхангайнхантай уулзахаар очих нүүр байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангайчуудын сонголтыг үл хүндэтгэн тохуурхаж, хууль зөрчиж байгаа УИХ, шүүх засаглалд сануулга өгөх цаг болсон гэж тус аймгийн Сонгогчдын эрх ашгийг хамгаалах хорооныхон мэдэгдэв.