“Чингис” бондын хөрөнгөнөөс 380 тэрбум төгрөгийг орон сууцны зээлд зориулан гаргахаар энэ долоо хоногт арилжааны банкуудад байршуулж эхэлж байгаа аж. Түүнчлэн 85 сая ам.долларыг зохих төслүүдэд нь зарцуулж эхлэхээс гадна 800 тэрбум төгрөгийг моргейжийн зээлийн зориулалтаар ашиглах гэж буйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын бүлгийн хуралдаан дээр өчигдөр мэдээлэв. Тэрбээр багагүй хэл ам дагуулаад буй “Чингис” бондын зарцуулалтын талаар энэ долоо хоногт болох УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн болж, тангаргаа өргөсөн Д.Зоригт АН-ын бүлэгт бүртгүүлэх хүсэлт гаргасныг нь хүлээн авснаар тус намын бүлэг нийт 34 гишүүнтэй боллоо. Шинэ бүрэлдэхүүнтэй хуралдсан тус намын бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь Сум хөгжүүлэх сангийн 2013 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайлан байв. Нийт 330 суманд 50-265 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаагаар олгосон ч мөнгөний зарцуулалт, үр ашгийг АН-ын бүлгийн гишүүд хангалтгүй байна хэмээн үзжээ. Түүнээс гадна Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн тайланг ч авч үзсэн байна. Төсвийн орлогын төвлөрлөөс хамаараад анх төлөвлөснөөс бага мөнгө орон нутагт хуваарилагдаад байгаа аж. Төсөл хөтөлбөр, бэлтгэл ажил нь бэлэн байсан Сүхбаатар аймаг уг мөнгийг үр ашигтай, бүрэн зарцуулсныг эс тооцвол бусад аймаг хангалтгүй байсан талаар С.Одонтуяа гишүүн ярилаа.
Манай улс анх удаа газрын тосоо экспортолж, өмнөд хөршийн үйлдвэрт боловсруулснаар “Монгол 93” үндэсний брэнд шатахууны нээлтийг ирэх пүрэв гаригт хийхэд бэлэн болсон тухай Ерөнхий сайд мэдээлэв. Ингэснээр шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулах боломж бүрдэнэ хэмээн тэрбээр амласан. АН-ын бүлгийн хурал дээр тэр хэд хэдэн мэдээлэл өгсний нэг нь БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эр доаны албан ёсны айлчлалын үр дүн байв. Тус улс 300 сая ам.долларыг орон сууцны зээлд зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болжээ. Энэ онд нийт 30 мянган айлын орон сууц ашиглалтад орно хэмээн тооцож байгаа тул уг санхүүжилт чухал ач холбогдолтой юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэнэ. Тэгвэл энэхүү хоёр хуулийг зургадугаар сарын 1-ний дотор яаралтай батлахгүй бол Монгол Улс хар жагсаалтад багтаж болзошгүй байгаа гэнэ. Хэрэв уг жагсаалтад багтвал манай улсын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна гадаад бүх гүйлгээ саатах юм байна. Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгад хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхойлох, нэр томъёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр боловсруулсан аж.
Р.ОЮУН