УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн С.Чинзориг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр тус аймгийн нийт сонгогчийн 48 хувийн дэмжлэг хүлээсэн ч өөрөөс нь 6700-гаар бага санал авсан Д.Зоригтод суудлаа алдсан. Олонхийн энэ дээрмийн гол хохирогч нь тэр юм. Өвөрхангай аймгийн болон нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх хуралд түүнийг оролцуулаагүй, давж заалдах эрх ч олгоогүй гэх мэтээр болж өнгөрсөн үйл явцтай холбоотой шийдвэр, баримтыг тэрбээр сэтгүүлчдэд үзүүлсэн.
Мөн “МАН хэдийгээр коммунистаараа дуудуулдаг ч эрх баригч байхдаа ард түмний саналыг шүүхийг ашиглан дээрэмдэж байгаагүй. 23 жилийн ардчиллын түүхэнд АН-ынхан хар толбо үлдээлээ. С.Чинзориг буруутай гэдгийг тогтоогоогүй, АН-ынхан шүүхтэй хамтраад иргэдийн саналыг булаасан” гэв. Болж өнгөрсөн үйл явдлын дараа арванхоёрдугаар сард АН, МАНын хооронд ямар тохиролцоо болсныг тэр задлав. Тухайн үед байдал арай дэндэж буйг тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа хэлсэн аж. Үүний дараа АН-ын дарга Н.Алтанхуяг МАН-ын удирдлагуудтай уулзаад, Өвөрхангай аймгийн хоёр суудлыг нэг нэгээр нь авах тохироо хийжээ. Нэг суудалд АН-ын Г.Батхүү, нөгөөд МАН-ын С.Чинзоригийг тангараг өргүүлэх тохиролцооны талаар тухайн үед хэвлэлээр багагүй шуугисан. Ингэхдээ МАН-ынхан гэнэджээ. Тэд “Г.Батхүү, С.Чинзориг хоёрыг хамтад нь тангараг өргүүлнэ” гэж улс төрийн тохиролцоогоо баталгаажуулаагүйд тэр намдаа гомдож буй юм билээ. Улмаар Г.Батхүүд “Н.Төмөрхүүд үүсгэсэн эрүүгийн хэргээс гомдлоо татаж авах, С.Чинзоригийн буруугүйг баталж гарын үсгээ зурах” хоёр шаардлага тавьжээ. Нөгөөх нь ч зөвшөөрсөн байна.
Үүний хариуд АН-ынхан “Тэгвэл Н.Төмөрхүү улс төрөөс гарч, Г.Батхүү сонгогдсоныг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн аж. Нөгөөх нь ч СЕХ-нд өргөдөл бичиж, Г.Батхүүг сонгогдсоныг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн байх юм. С.Чинзориг буруугүй гэсэн гарын үсгээ өг гэхэд нь эхлээд тангаргаа өргөөд, дараа нь өмгөөлөгчөө байлцуулж байгаад бичээд ирэхээр өгье гэх мэтээр Г.Батхүү гишүүн асуудлыг хойшлуулжээ. Ингээд л долоо хоногийн дараа утсаар асуухад нь “Манай нам олон фракцтай. Тэд намайг Д.Зоригтыгоо жийлээ гэж буруутгаад байна. Гарын үсгээ зурж чадахгүй нь” гэсэн юм байх. Түүний жудаггүй зангаас болж тохиролцоо нурсанд МАН ч бас буруутай хэмээн С.Чинзориг ярив. “МАН үнэхээр муу ажилласан. Бүлгээ байгуулахгүй удсанаас болж АН-д хөтлөгдөхөд хүрсэн. Сая Сонгинохайрханаас сонгогдсон Д.Сумъяабазарын тангараг өргүүлэх асуудалд ч яарах ёсгүй байлаа. МАН-ын арчаагүйтэй энэ бүхэн бас холбоотой” гэлээ. Нэгэнт тэр тойргийн гадна үлдэж, Д.Зоригт тангараг өргөчихсөн. Гэхдээ тэр цаашид ч үнэний төлөө тэмцэнэ, үүнд бүх амьдралаа зориулна гэдгээ мэдэгдэж байна.
Мөн “Сонгогдох, шүүх хуралдаанд оролцох, давж заалдах ч эрхгүй би Монгол Улсын иргэн мөн үү. Үүнийг Ерөнхийлөгчөөс асууж захидал илгээнэ. Мөн ирэх долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэлээ.