Ийм гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Терренс Эдвардс “Business new Europe”-ийн цахим хуудсанд энэ сарын 14-нд нийтэлжээ. Түүнийг товчилж орчуулан хүргэе. Монголын их Чингис хаан XIII зууны үед эзэнт гүрнээ тэлж байхдаа эзэлсэн гүрнээсээ эхнэр авдаг байжээ. Энэ нь түүний байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой байв. “Rio Tinto” компани Монголын бизнесменийг өндөр албанд томилсон нь Чингисийн стратегиас санаа авсан байж болзошгүй. Учир нь 6.2 тэр бум ам.долларын хөрөнгө оруулалттай “Оюу толгой”-н алт, зэсийг экспортод гаргах ажлыг амжилттай эхлүүлэхэд чухал нөлөөлөх хүн хэмээн түүнийг үзэж байна. “Rio Tinto”-гийн “бэр”-ийг Б.Болд гэнэ. Тэрбээр сүүлийн гурван жилд “Anglo-Australian” компанид зөвлөхөөр ажилласан уугуул монгол хүн. Харин тэрбээр ирэх сарын 3-наас “Rio Tinto”-гийн Зэсийн группийн олон улс дахь үйл ажиллагааг Лондоноос удирдах ерөнхийлөгчөөр томилогдоод байна.
“Оюутолгой” төслийн 66 хувийг “Turquoise Hill Resources” компаниар дамжуулан эзэмшиж буй “Rio Tinto” компани өдгөө Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийж буй. Стратегийн чухал ач холбогдол бүхий уг төслийн зардал хоёр тэр бум ам.доллараар хэтэрсэн шалтгааныг тодруулж, татвар нэмэх асуудлыг ч сөхөн тавьж байна. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын гишүүд өөрчилж, эзэмшлээ 34-өөс өсгөн 51 хувьд хүргэх гэж хоёр ч удаа оролдов. “Сант Марал” сангаас өнгөрсөн сард хийсэн судалгааны дүнгээс үзэхэд, монголчуудын 24.7 хувь нь уул уурхайн бүх төсөл 100 хувь Монголынх байх ёстой хэмээсэн бол, 59.6 хувь нь 51-ээс дээш хувийг монголчууд эзэмших нь зөв хэмээн хариулжээ.
“Rio Tinto” группийн зэс хариуцсан гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастъян Жактай шууд харьцах эрх мэдэл бүхий албанд Б.Болдыг томилсон нь менежментийн багт монгол хүн оруулахыг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш нэхэмжилсэн Монголын Засгийн газрын хүслийг гүйцээсэн ч байж мэдэх юм. “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Бизнесийн хөрөнгө оруулалтын таатай орчныг Монголын эрх ашигтай хослуулах чиг лэлээр ажиллаж байгаа Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олны хүндлэлийг хүлээсэн бизнесмен Б.Болдоос зөвлөгөө авдаг” хэмээсэн аж. Улс төрийн сэдэлтэй үйлдэл байж болох ч Б.Болд уул уурхайн салбарт чамгүй туршлагатай нэгэн. 2000-аад оны эхээр “JPMorgan Chase & Co” компанийн банкир байсан Б.Болд Монголын залуу элитүүдээс тодрон гарч ирсэн тухай нь Монголын Бизнесийн зөвлөлийн дэд тэргүүн И.Сэр-Од дурсан ярьсан байдаг. Тэрбээр “Монголчуудын чихэнд барууны хөрөнгө оруулалтын пүүсүүд танил биш байсан тэр үед Б.Болдыг “JP Morgan”-д бүсийн захирлаар ажилладгийг мэдээд гүн сэтгэгдэл төрсөн. Энэ салбарт ажиллаж буй монгол залуус түүнийг маш их хүндэлдэг” гэжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН