Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гадаадын зарим улсад Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газар нээж ажиллуулах тухай саналыг зөвшилцөв. Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа. Бүгд найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны бүгд найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод ЭСЯ нээх, Лалын бүгд найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээх, Бүгд найрамдах Турк улсын Истанбул, Бүгд найрамдах Кыргыз улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУын Пусан хотод Консулын газар нээхээр төлөвлөсөн аж.
Л.Болд сайд “Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 12 зорилт тусгасан. Тиймээс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох бодлого баримталж, эхний удаад 29 улстай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн. Гадаад харилцааг эдийн засагжуулахад ихээхэн анхаарч байгаа. Мөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хил орчмын худалдааг дэмжих, бүс нутгийн хүрээний харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, гадагш гарсан иргэдийнхээ эх орондоо эргэн ирж суурьших бололцоог хангахад анхаарч байна” хэмээв. Одоогоор манай улсаас гадаад орнуудад Элчин сайдын 29 яам, Байнгын төлөөлөгчийн хоёр газар, Консулын төлөөлөгчийн найман газар ажилладаг аж.
УИХ-ын дарга З.Энхболд улсын нөөцийг үл хөдлөх хөрөнгөөр гадаад орнуудад байршуулах үүднээс дипломат байгууллагуудын хэрэгцээнд хамгийн эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнэтэй газрыг сонгож байх талаар Байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд чиглэл өгөх санал гаргалаа. Цөөнгүй гишүүн ЭСЯдад улсаа төлөөлөн ажиллах боловсон хүчний орон тоонд мэргэжлийн хүн томилох ёстойг сануулж байв. Дээрх орнуудад ЭСЯ, Консулын газар байгуулахыг гишүүд дэмжиж, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.