УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль хэрэгжиж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч хуулийн хэрэгжилт сүүлийн үед илэрхий суларч, энд тэндгүй тамхи зуусан хүмүүс хөлхөлдөж, далд байдлаар худалдан борлуулах нь цөөнгүй болов. Тиймээс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг зөв, буруу хэмээн гишүүд багагүй маргалдав. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей “Тамхины хяналтын тухай хууль батлагдаад зургаан сар ч болоогүй байхад тал талаас нь хянах асуудлыг тавьж байгаа нь хэрэгжилтийг буруу тийш эргүүлнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явах хэрэгтэй. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэсэн бол, УИХ-ын гиш үүн Л.Эрдэнэчимэг “Энэ нь ойрын хугацаанд гарсан хуулиудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа нь. Сургуулиас 500 метр зайд тамхи зарахгүй байх хуулийн заалтыг авч хаяхын төлөө л энэ Ажлын хэсгийг байгуулах гээд байна гэж ойлгож байна. Би сумын ард иргэд, эмэгтэйчүүдтэй уулзсан. Тэд энэ заалтыг авч хаях вий, үүний төлөө тэмцээрэй, сумын төвд тамхидалт үнэхээр багасаж байгаа шүү гэж байгаа. Тиймээс Ажлын хэсэг байгуулах, хуульд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байхгүй” гэлээ. Түүнчлэн Тамхины эсрэг хууль гаргасан орнуудад 5-7 жилийн дараа үр дүн нь гардаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг тул хуулийн үр дүнг хэлэлцэхэд эрт байна хэмээн Г.Баярсайхан гишүүн хэлэв. Тэрбээр, Ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтийг хянах гээд байгаа нь цөөн хүмүүсийн бизнесийн ашиг сонирхолтой холбоотой хэмээн үзэж байгаа аж.
Харин тус Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ингэж хардах нь буруу гээд иргэдээс хуулийн хэрэгжилтийн талаар, ялангуяа найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд энэ талаар хүсэлт их тавьж байгаа тул шууд шийдвэрлэх боломжгүй учраас Байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэв. Ийнхүү гишүүд хэлэлцсэний эцэст Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах эсэхээр санал хураахад оролцсон 12 гишүүний 10 нь дэмжээгүй тул Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ.
Р.Цэцэг