Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд оролцохоор нэр дэвшигчээ тодруулсан АН, МАН, МАХН-ынхан өчигдөр холбогдох баримт, бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгсөн байна.
Тус сонгуульд оролцох намууд энэ сарын 17-ныг хүртэл материалаа хүргүүлэх учиртай. Хуулийн дагуу намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, хөрөнгө, орлогын болон өр төлбөргүй болох тухай мэдүүлэг, ял шийтгэлгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг баримт бичиг бүрдүүлж өгөх хуультай.
СЕХ эдгээр материалыг шалгаж, нягтлаад гурав хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх, эсэхээ шийдвэрлэх юм байна.