СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд АН, МАН, МАХН-аас нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэх юм. Энэ удаагийн сонгуульд Шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж буй АН, МАХН хоёр хамтран байгуулсан гэрээ хэлэлцээрээ зөрчин тус тусдаа оролцохоор болсон. Улс төрийн намууд хамтын гэрээгээ зөрчсөн нь Шинэчлэлийн Засгийн газрын ирээдүй хэврэг байхыг дохиолж, энэ үйл явц өөрөө сонгуулийн нэг онцлогт багтаж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа нь сонгуулийг өвөрмөц харагдуулах болов уу. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлмэгц Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигч өрсөлдөөнийг ижил гараанаас эхлүүлж чадсан эсэхийг сонгогчид хамгийн түрүүнд харах нь тодорхой. Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль сонгуулийн марафонд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн хэнд нь ээлтэй байх вэ?
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид улираан сойж буй АН-ын гарт засаглалын бүх эрх мэдэл төвлөрч байгаа. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн албан тушаалаас гадна тус намд шүүх, прокурор, цагдаа зэрэг хуулийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч үйлчилж буй. Энэ бол тус намын хамгийн том давуу тал юм. Эрх мэдлийн асар том нөлөөнөөс гадна нэр дэвшигч Ц.Элбэгдорж хууль эрх зүйн тааламжтай нөхцлийг давхар эдлэх юм. Тодруулбал 2012 онд баталсан Орон нутгийн сонгуулийн тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль бүхэлдээ маргааш орон даяар эхлэх өрсөлдөөнд зориулагдсан билээ. Эдгээр хуулийг Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа санаачилж, түүний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замыг зассан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ тал дээр МАН, МАХН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг сонгуулийн сурталчилгаагаа ижил гараанаас эхэлсэн гэж хэлж болохгүй байх.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Ц.Элбэгдоржид олдож буй бас нэг давуу тал нь нэр дэвшигчид хийсэн ажлын тайлан тавьж болох тухай асуудал. Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан түүнд хийсэн ажил бишгүй бий. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч хийсэн ажилтай гэж ярьж хэлэх бүрэн боломжтой хүний нэг. Өөрийн гэсэн төсөвтэй бүтэн салбар зангидаж байгаа сайдад хийсэн юм байх нь тодорхой. Харин зөвхөн хууль санаачлан батлуулах үүрэгтэй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль эрх зүйн орчноо л ярих болов уу. Энэ талаас нь харвал нэр дэвшигчдийг өрсөлдөөнөө тэгш гараанаас эхэлсэн гэж хэлэхэд бэрх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн ижил гараанаас гарч амжихгүйг гэрчлэх өөр цөөнгүй асуудал бий ч үүнийг орхиод нэр дэвшигчдийн твиттер хуудасны тухай мэдээ хүргэе. Ц.Элбэгдорж өнөөдрийн байдлаар 58654 хүнийг дагуулж, 2014 хүнийг дагасан бол Б.Бат-Эрдэнийн саяхан нээсэн твиттер хуудас 8129 хүнийг дагуулж, өөрөө 988 хүнийг дагасан байна лээ. Нэр дэвшигч Н.Удвал цахим ертөнцөд идэвх муутай байна. Түүний нээсэн хуудсыг 70 хүн дагаж, өөрөө арван хүн дагасан байв.
Сонирхуулахад Монгол Улсын хэмжээнд Бат-Эрдэнэ нэртэй 16050 Удвал нэртэй 2424 хүн Элбэгдорж нэртэй 242 байдаг аж. Бат-Эрдэнүүд дотор Бадмаанямбуу овогтой нь гурав байдаг бол Нацагийн Удвал нэртэй хүн хоёр бий. Харин Элбэгдоржууд дунд Цахиа овогтой өөр хүн байхгүй юм билээ. Олон жилийн судалгааны аргачлалаас харахад ижил нэртэй хүмүүс нэг нэгнээ гарамгай дэмждэг байна.
Д.ОТГОО