Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа Автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явуулах гэж байна. Тиймээс уг хуульд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах Ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар болон СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Хэдийгээр 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд уг төхөөр өмжийг ашигласан ч сөрөг хүчний зүгээс түүний чадварт эргэлзсэн хэвээр байгаа билээ. Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах программын эх кодыг Ажлын хэсэг хянаж, гэрчилгээ олгох юм байна.
Программ суулгасан санал тоолох төхөөрөмжид аймаг, дүүрэг тус бүрээс 20 ширхэг жинхэнэ саналын хуудсыг Ажлын хэсгээс тогтсон тестийн тавилаар бөглөж, 50 буюу нийт 1000 удаа уншуулж, үр дүнг тулгах шалгалтыг хийх гэнэ. Мөн санал тоолох төхөөрөмж болгонд 8-10 ширхэг урьдчилан бөглөсөн саналын хуудсыг уншуулж, үр дүнг тулган нягталж шалгах ажлыг хийх юм байна. Одоогоор Ажлын хэсгийнхэн санал тоолох төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг шалгаж байгаа аж. Төхөөрөмжийг хамгийн сүүлд УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалтад ашигласан. Тиймээс үүнтэй холбоотой мэдээллийг цэвэрлэх, цэнэгийг шалгах, тестийн саналын хуудас уншуулах, уншигчийн толгойг цэвэрлэх ажлаа амжуулна. Үүний дараа программыг суулгаж, L&A буюу логик нарийвчлалын тестийг хийж, санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах юм байна. Эдгээр ажлыг ирэх сарын эхэн гэхэд дуусгахаар төлөвлөжээ.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу санамсаргүй сонголтын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр буюу нийт 348 хэсгийн хороонд хяналтын гар тооллого хийхээр тусгасан. Тиймээс уг машинд эргэлзсэн хэвээр байгаа сөрөг хүчнийхэн болон бусад хүнд СЕХ-ны Ажлын хэсгийнхэн “Доминион вөүтинг системс” компанийн нийлүүлсэн техник төхөөрөмжийг Ажлын хэсэг нягтлан шалгаж, туршиж баталгаажуулна. Түүнээс гадна Мөн намуудын ажиглагч нарт саналын хуудасны зурган файлыг хуулж өгнө. Эндээс санал тоолох төхөөрөмж тухайн саналын хуудсыг хэрхэн уншсан талаарх мэдээллийг харж болно. Хяналтын гар тооллого ч бас хийх учраас төхөөрөмжид эргэлзэх хэрэггүй” гэсэн хариулт өгч байна.
С.УУЛ