Сонгогч Таны тархи сүү худалдаж авахдаа ч, улсынхаа Ерөнхийлөгчийг сонгохдоо ч адил зарчмаар ажилладаг гэдгийг мэдэх үү. Иргэн Таны уух сүүний сонголт хайрцагны хэлбэр, загвар, өнгө зүс зэргээс эхлээд тухайн сүүний тухай сурталчилгаа, хэрэглэгчдийн үнэлгээ гэх мэт олон хүчин зүйлээс хамаарах учиртай. Харин бид ихэнхдээ энэ бүх нөл өөллөөс ангид зөвхөн өөрсдийн ууж дассан, мэддэг сүүгээ худалдаж авдаг нь сонирхолтой. Энэ бол бидний тархи олон зүйлийг тунгаахаас зайлсхийж, Таны шийдвэрийг хялбарчилж байгаа хэрэг юм. Үүний нэгэн адил сонгуулийн сурталчилгаа, элдэв суртал ухуулга сонгогчдын сонголт, сэтгэхүйд төдийлэн нөлөөлөхгүй, мөнгөө салхинд хийсгэхээс өөрцгүй болох тохиолдол олонтаа тохиодог байна. АНУ-ын эрдэмтэд сонгогчдыг сонгуульд хэрхэн оролцож байгаа байдлаар нь дөрвөн бүлэгт хуваажээ. Сонгогч Та өөрийгөө ямар төрлийн сонгогч вэ гэдгээ сонжиж үзээрэй.
1. Ухаалаг сонгогч
Энэ бүлэгт хамрагдах сонгогч нь нэр дэвшигчдийн талаарх аливаа мэдээллийг идэвхтэй хайж, эерэг, сөрөг чанаруудыг нь жишиж, өөрийн үзэл бодолтойгоо харьцуулдаг.
• Ухаалаг сонгогч нь нэр дэвшигчдийн талаар их хэмжээний мэдээлэл олж мэддэг учраас түүний сонголтод намын харьяалал бараг нөлөөлөхгүй.
• Харамсалтай нь, хэт их мэдээллийн уршгаар үзэл бодлоосоо гажиж, нэр дэвшигчийн суртал ухуулгад автах магадлалтай байдаг ажээ.
2. Идэвхгүй сонгогч
Ийм сонгогчид нэр дэвшигчийн намын харьяаллаас өөр мэдээлэл төдийлэн чухал байдаггүй. Тэд аливаа шинэ мэдээ, мэдээллийг зөвхөн өөрийн урьдчилан хийсэн сонголтоо баталгаажуулахад л ашигладаг.
• Идэвхгүй сонгогч сэтгэл зүйн тогтвортой байдлаа сайн хадгалж чаддаг учраас нэгэнт дэмжсэн нэр дэвшигч (нам)-ээсээ хэзээ ч урвадаггүй байна.
• Тэдэнд намын харьяаллаас гадна тухайн нэр дэвшигчийн ажилдаа хандах байдал, өөрт нь төрүүлсэн сэтгэгдэл мөн чухал үүрэг гүйцэтгэнэ.
3. Арвич сонгогч
Энэ төрлийн сонгогч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс зөвхөн өөрт хэрэгтэй, сонирхолтой гэсэн хэсгийг сонгож, байр суурийг нь сонирхдог гэнэ. Жишээ нь, Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед монгол хүн бүр энэ сэдвээр өөрийн байр суурьтай болсон. Тиймээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уул уурхайн салбарын хэтийн хөгжлийн талаарх байр суурь иргэдийн сонголтод чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай. Тэгэхээр үндсэрхэг үзэлтэй арвич сонгогч Б.Бат-Эрдэнэд саналаа өгч байхад, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн сонгогч өөр нэр дэвшигчид санал өгч магадгүй.
• Арвич сонгогч мөрийн хөтөлбөрийг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хүлээж авдаг учраас түүнд аливаа зарчмын тухай сурталчилгаа төдийлэн нөлөөлдөггүй.
• Нэр дэвшигч болон сонгогчийн хувьд энэ бол цаг хэмнэх арга гэж болно. Учир нь тогтсон нэг сэдвийн талаар сонгогчийн байр суурь нэр дэвшигчийнхтэй ижил байхад л хангалттай.
4. Зөнч сонгогч
Хэрэв бараг ухамсаргүй (харанхуй) шахам сонголт хийдэг бол энэ нь зөнч сонгогчийн шинж ажээ. Заримдаа тэдгээрийг оновчгүй сонгогчид гэх нь ч бий.
• Хамгийн бага цаг зарцуулж зөв шийдвэр гаргахыг зоригчид бол зөнч сонгогчид юм. Тэдэнд тийм ч их мэдээлэл шаардлагагүй учраас олсон мэдээлэлдээ илүүц дүгнэлт хийхгүйг хичээдэг.
• Нэр дэвшигчийн тухай аль болох бага мэдээлэл авахыг боддог учраас өөрт нь таалагдсан ганц л зүйл олж мэдвэл энэ нь уг сонгогчийн сонголтыг баталгаажуулахад хангалттай.
Б. Нандин