Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдээс санал авахаар болсон. Энэ ажлын бэлтгэл ямар байгаа талаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболдоос тодрууллаа.
-Гадаадад оршин суугаа иргэдээ бүртгэх, санал авах ажлын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуульд санал авахтай холбоотой бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан санал авахаар бэлтгэл хангаж байгаа. Саналаа өгөх иргэдийг бүртгэх ажил энэ сарын 5-29-ний хооронд явагдаж байна. Бүртгэл дуусахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч буй, санал өгөх хүсэлтэй иргэд бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
-Дипломат төлөөлөгчийн газарт санал өгөх хүсэлтэй хэчнээн хүн одоогийн байдлаар бүртгүүлээд байгаа вэ?
-Тавдугаар сарын 22-ны байдлаар 1427 иргэн саналаа өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртг үүлсэн. Бүртгэлийн ажлыг эрчимж үүлэх, иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор ГХЯ нэлээд олон ажил хийж байгаа. Үүний нэг нь өчигдөр (тавдугаар сарын 22. сурв) бид гадаадад буй дипломат төлөөлөгчийн газруудтайгаа видео хурал хийлээ. Өмнө нь ч ийм хурал хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил яаж хангах, иргэдийг хэрхэн бүртгэх, ямар санал хүсэлт байгаа талаар ярилцсан. Иргэдийн оролцоог идэвхжүүлэхийн тулд гадаадад буй иргэддээ хандан ГХЯ, СЕХноос уриалга гаргахаар төлөвлөөд байна. Бид гадаад дахь бүх дипломат төлөөлөгчийн газрынхаа цахим хуудаст идэвхтэй оролцохыг уриалсан байгаа. Мөн монголчуудын холбоо, Монголын соёлын төв, тодорхой бүлгээр дамжуулж сурталчилгаа, мэдээлэл дамжуулж байна. Мессежээр болон цаасан хэлбэрээр ч сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгааг гаргасан.
-Иргэдийн шинэчилсэн бүртгэлд гадаадад байгаа хэчнээн хүн хамрагдсан юм бэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр, 39800 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Энэ баттай эсэхийг УБЕГ-ын албаны хүмүүсээс тодруулбал зүгээр болов уу. Монголд байж байгаад гадаадад очоод бүртгүүлсэн, эсвэл гадаадад байгаа иргэд Монголд ирэхдээ бүртгэлдээ хамрагдсан гэх зэргээр тооны зөрүү байдаг юм билээ.
-Санал өгөх хүсэлтэй иргэд ямар бичиг баримтаар бүртгүүлэх вэ. ЭСЯ, Консулын газарт заавал биеэр очиж бүртгүүлэх ёстой юу?
-Сонгуульд оролцох хүсэлтэй иргэд дөрвөн янзын хэлбэрээс сонгож бүртгүүлнэ. Ингэснээр өмнөх сонгуулийн бүртгэлээс энгийн, хялбар болсон. Өмнө нь биечлэн ирж бүртгүүлэхээр заасан байсан шүү дээ. Энэ удаад санал өгөх хүсэлтэй иргэд цахим шуудан, факс, захидлаар, эсвэл өөрөө биечлэн очиж бүртгүүлж болно. Цахим шуудангаар бүртгүүлж буй иргэд өөрийн овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг илгээж, үндэсний гадаад паспортынхоо хуулбарыг хавсаргаж явуулах ёстой. Түүнийг нь ЭСЯ-ны ажилтнууд хүлээн авч, гурав хоногийн дотор нэгдсэн хүснэгтэд оруулж байгаа. Бүртгүүлж буй иргэдийн нэрс бидэнд гурав хоног тутамд ирдэг. Тавдугаар сарын 29- нд бүртгэл дууссанаас хойш хоёр хоногийн дотор УБЕГ-т нэгдсэн байдлаар нэрсийг хүргүүлнэ. Тус газар хянаж үзээд, манайх руу буцаан өгөхийн зэрэгцээ сонгогчийн нэрсийн жагсаалтыг цахим хуудас дээрээ байршуулна. Сонгох эрхээ эдлэх боломж ийм өндөр байхад иргэд маань идэвх муутай байна.
-УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад буй иргэдээс анх удаа санал авсан. Тухайн үед монголчууд олноор ажиллаж амьдардаг БНСУ, Чех зэрэг оронд хэчнээн хүн санал өгөхөөр бүртг үүлж байсан бол?
-Сөүлд 320 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Өнгөрсөн УИХын сонгуулиар 522 хүн санал өгөхөөр бүртгүүлж байсан юм билээ. Чехэд 67 хүн санал өгөхөөр бүртгүүлж байсан бол, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр 38 хүн бүртгүүлээд байна.
-Бүртгүүлсэн иргэд хаана, хэзээ саналаа өгөх вэ. Түүнийг нь хэрхэн тоолж, дүнд нэгтгэх бол?
-Гадаадад суугаа дипломат төл өөл өгчийн 39 газарт 39 салбар комисс байгуулсан. Иргэд өөрийн оршин суугаа улсад буй дипломат төлөөлөгчийн газартаа зургадугаар сарын 14-16-нд 07.00-22.00 цагийн хооронд цахим үнэмлэхтэйгээ очиж, нэрсийн жагсаалттайгаа танилцан, саналын хуудсаа авч бөглөн бит үүмжлэн хайрцагт хийх юм. Саналын хуудастай хамт бит үүмжлэх дугтуй өгнө. Саналын хайрцгийг зургадугаар сарын 16-ны 22.00 цагт хааж битүүмжлэн, салбар комисс дахин битүүмжлэн протокол үйлдэж, СЕХ-нд ирүүлэх юм. СЕХ түүнийг хадгалж байгаад зургадугаар сарын 26-нд орон даяар санал хурааж дуусмагц битүүмжлэлийг задлан тооллогын машинд хийх юм. Санал хурааж дуусах хүртэл ямар нэгэн байдлаар гадаадад байгаа иргэдийн өгсөн саналын хуудаст гар хүрэхгүй, зургадугаар сарын 26-нд л задална.
Г.ЦОЛМОН