МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ орон нутаг дахь сурталчилгааны ажлаа өчигдөр Хэнтий аймгаас эхлүүллээ. Б.Бат-Эрдэнэ төрж өссөн нутаг, эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлэн, эх орноо нар зөв тойрох төлөвлөгөөтэй байгаа аж.
Нэр дэвшигчийг төрөлх нутгийнхан нь халуун дотно хүлээн авсан бөгөөд Хэрлэн голын эрэг дээр угтсан байна. Хэнтийнхэн Их эзэн хааны уугуул нутгаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөхөөр болсон УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэд баяр хүргэн, амжилт хүсчээ.
Нэр дэвшигч энэ өдөр Өмнөдэлгэр, Цэнхэр, Өлзийт, Мөрөн сумаар орсон бөгөөд орой нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод ирсэн байна. Тэрбээр Өлзийт суманд очихдоо төрсөн эгчийнхээрээ орж, эгчдээ хүндлэл үзүүлсэн гэнэ.