Долоо хоног бүрийн пүрэв гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзаж ярилцдаг болоод буй. Тэрбээр энэ удаагийн уулзалтаараа Увс аймагт шатахууны үнийг 80 төгрөгөөр бууруулж, Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайнхантай тохирсноор нүүрсээ хоёр дахин хямд үнээр авах болсон тухай дуулгаад, сэтгүүлчдийн асуултад хариулав. Төрийн ордны гадаа удаа дараа жагсаж буй, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаад байртай болж чадаагүй иргэдийн асуудлыг хэрхэх гэж буй талаар асуухад “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл бол үлгэр байсан.
Тэр иргэдийг бид найман хувийн хүүтэй зээлд орооч гэж хэлж байгаа. Энэ зээлийг гаргах хараахан болоогүй. Барилгаа барьсны дараа гаргахгүй бол орон сууцны үнэ асаад л дуусна” хэмээн Ерөнхий сайд хариулав. “Чалко” компанид төлөх ёстой 186 сая ам.долларынхаа хариуд таван сарын турш 3.5 сая тонн нүүрс урд хөрш рүү гаргахаар тохирсон гэнэ. Өөрөөр хэлбэл, 70 бус 53 ам.доллараар нүүрсээ өгөхөөр тохиролцжээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, Туул голын сав газраас хайрга, дайрга олборлохыг хориглосон шийдвэрийг Ерөнхий сайд буруушааж, цуцлахыг шаардсан гэнэ. “Бүтээн байгуулалт ид эхлэх гэж байхад гэнэт ухаан орсон юм шиг заавал энэ жил яахаараа тийм шийдвэр гаргадаг юм бэ. Шийдвэрээ цуцлахыг би шаардсан. Сэтгүүлчид та бүхэн ч энэ талаар бичиж, нийтлээрэй” гэлээ.
Хууль бус болохыг нь тогтоогоод байгаа зарим томилгооны талаар сэтгүүлчид асуухгүй өнгөрсөнгүй. Төрийн албанд чадваргүй хүмүүс орсон явдлын хууль бус, эсэхийг сэтгүүлчид болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэхгүй гэнэ. Тэрбээр “Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын нүд, чих болох ёстой газар. Яагаад Ерөнхий сайд ганц агентлагийн даргыг томилж болдоггүй юм бэ. Ганц агентлагийн дарга томилж чадахгүй Ерөнхий сайдыг дэлхийн хаанаас ч олохгүй” хэмээв.
Р.Цэцэг