Монголчуудын сонгуулиар “амьсгалах” ээлжит үе эхлэв. Улс төрийн гурван намын нэр дэвшигч СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн нь өнгөрч буй долоо хоногийн содон үйл явдлуудын нэг байлаа. Ирэх дөрвөн жил Төрийн тэргүүний хүндтэй албыг хашихаар өрсөлдөж буй тэдний сонгуулийн сурталчилгаа өөр өөрийн өнгөтэй эхлэв. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наран ургах зүүн хязгаараас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр хүлгийн жолоо залсан. Тэрбээр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсныхаа дараа “Монгол 93” шатахуунаар машинаа цэнэглээд Дорнодыг зорилоо гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр гарсан. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч маань зорьсон газартаа түргэн хүрэхээр яаравчилж, Дорнодод онгоцоор буусан сурагтай.
Ийнхүү цаг нартай уралдан очсон Төрийн тэргүүнээ орон нутгийн сонгуулиас хойш долоон сар гаруй хугацаанд Засаг даргагүй байгаа дорнодынхон жагсаал цуглаантай угтжээ. Харин МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтээ Соёлын төв өргөөнд хийгээд, төрсөн нутаг Хэнтий аймгаа зорьсон. Монголчууд эртнээс бөхдөө хайртай ард түмэн. Тэр тусмаа УИХ-д нутаг орноо найман жил төлөөлөн суухдаа Урт нэртэй хуулиас эхлээд байгаль орчноо хамгаалах чиглэлээр даацтай ажил олныг хийсэн түүнд нутгийн зон олон нь хайртай байхаас аргагүй. Тиймдээ ч хэнтийнхэн нэр дэвшигчээ Хэрлэн голын хөвөөнөө дуутай шуутай угтан авчээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны нээлт дээр нэр дэвшигчийн хэлсэн “Миний нэр цэвэр. Гар цэвэр. Сэтгэл цэвэр” болон “Би алт ухахгүй. Амьтан хороохгүй. Архи хийхгүй” хэмээсэн үгс бүхий зураг твиттер, фэйсбүүк хуудсаар дүүрэн байна.
МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Уд валын хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төлөө тууштай зүтгэж, үнэнчээр хамтран ажиллаж ирсэн. Тийм ч учраас Н.Удвал сайд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авмагцаа Клиникийн II нэгдсэн эмнэлгийн зүг хөдөлж, намын дарга Н.Энхбаяраа эргэсэн. Монгол Улсад анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь түүхэн үйл явдал тул хичээхийг намынх нь дарга түүнд захижээ. Харин сурталчилгааны албан ёсны нээлтээ пүрэв гаригт АСА циркт болсон МАХН-ын Бүх ард түмний их хуралдайн үеэр хийв. Эртний нийслэл Хархоринд үдэлж, орон нутаг дахь сурталчилгаагаа нээсэн хатагтай Н.Удвал төрсөн нутаг Архангайгаа зорьжээ. Гурван намаас нэр дэвшигчид ийнхүү гараанаас гарлаа. Төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөн нэг сар орчим үргэлжилнэ. Монголчууд бид энэ сонгуулийг шударга болоосой гэж юу юунаас илүү хүсэн хүлээж байна.