Говь-Алтай аймгийн Хөхморьт сумынхан саяхан чонын ав зохион байгуулж, 17 бэлтрэг суйлсан байна. Багийн Засаг дарга Баянмөнх, иргэн Дамдинбазар, Магнайбаяр нар Хэцүү эрэг гэдэг газраас тав, Завхан гол багийн малчин М.Магнай мөн тав, Сангийн далай багийн малчин А.Дандар долоон бэлтрэг суйлж, эхийнхээ хөхнөөс гараагүй нялх амьтсыг хөнөөжээ.
Тус аймгийн ЗДТГ, “Алтайн хөгжил XXI зуун”, “Алтайн эрин” сан хамтарч, 2011 оны арванхоёрдугаар сард хурдан машин, халуун зэвсэг агсан, чонын ав зохион байгуулж, 273 чоно авласан. Цусандаа будагдсан амьтдаа аймгийнхаа төв талбайд авчран, иргэдэд үзүүлж, зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, цуст аллагаараа сайрхаж байсан. Тэгвэл өдгөө өнчин ишиг ч барьж үзээгүй, гэмгүй бэлтрэгний цусаар алтайчууд гараа угаажээ.
Өмнөх яргалалд УИХ-ын гишүүд оролцсон бол энэ удаа багийн Засаг дарга оройлсон байх юм. Үр хүүхдээ эрүүл, шилмэл сүрэг тэй, соргог сайн малчин болгохын тулд “Чонотой газар малаа өсгө” гэж Монголын малч ард түмэн сургаж ирсэнсэн.
Х.ЭРХЭМ