Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байтал УИХ-ын чуулганыг завсарлуулах тухай ярьж эхэллээ. Энэ санаачилгыг УИХ дахь АН-ын гишүүд сэдэж, УИХ-ын даргаар захирамж гаргуулах дээрээ тулж байгаа гэх. З.Энхболд дарга намын гишүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, УИХ-ын чуулганыг завсарлуулах захирамж гаргахаар зэхэж буй сурагтай. Төсөл нь бараг бэлэн болсон юм байх. Чуулган завсарлуулах захирамжид З.Энхболд дарга хэзээ мөдгүй гарын үсгээ зурж, парламент хуралдаанаа ирэх долоо хоногт завсарлуулахаар болсон гэнэ. УИХ дахь АН-ын гишүүд завсарлага авч, орон нутаг, тойрогтоо очиж, намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүнээ дэмжих бодолтой байгаа гэнэ. УИХ-ын гишүүдийн дэм тусгүйгээр явж хэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд энэ удаа гишүүдийн оролцоо дутна гэж тэд үзсэн бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид аймаг, нийслэлийн дүүрэг бүрт нэг шадар туслахтай байх тухай заалт бий.
Сонгуульд нэр дэвшигчээ сойсон намууд аймаг, нийслэлд ажиллах 30 шадар туслахаар орон нутгийн онцлогыг сайн мэдэх, нэр нөлөөтэй хүмүүсээр бүрдүүлэхэд анхаарал хандуулж буй аж. Тэдгээр шадар туслах 2016 оны УИХ-ын сонгуульд хүч үзэх эсэхээ энэ сонгуулийн явцад шийдэж болох давуу талтай. Тиймээс гурван жилийн дараа сонгуульд өрсөлдөх боломжоо алдахыг хүсээгүй УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд “давхар” өрсөлдөхөөр чуулганыг хүчээр завсарлуулахыг хүссэн бололтой. Түүнчлэн Төрийн албыг төрлийн алба болгож, иргэдийн хаан сонголтыг “боолчлон”, УИХ дахь суудлынхаа тоог илт хууль зөрчин нэмж буй эрх баригч АН-д сонгогчид таагүй хандах болсон. Ялангуяа УИХ, орон нутгийн сонгуулийн будилаан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа цөөнгүй аймгийнхан АН-ын нэр дэвшигчийг барагтай хүлээн авч байгаа. Ийм тойргуудад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд очиж гал унтраана гэж тооцсон ч нөхцөл байдал тэдний санаснаар болох эсэх нь одоогоор тодорхойгүй. Угтаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүдийн хэрэг огт байхгүй.
УИХ бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлаад гаргачихсан. Хууль нь хэрэгжээд, сонгуулийн кампанит ажил ид өрнөж байхад УИХ-ын гишүүд сонгуулийн үйл ажиллагаанд оролцохыг эсгий хийх газар хүүхэд, нохой хэрэггүйн үлгэртэй зүйрлэж болмоор. Юутай ч эрхэм гишүүдийг хот, хөдөөд намын туг намируулж, сонгогчдын тархи угааж байх зуур УИХ-аар хэлэлцэх улс орны хувьд чухал олон асуудал хүлээгдэх нь ээ. Тухайлбал, 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгж үүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах асуудал, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015- 2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгж үүлэх үндсэн чиглэл, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тулаанд мордсон эрхэм гишүүдийг харуулдаж үлдэх юм.
Сонгуулийн санал хураалт ирэх сарын 26-нд болно. Ярьж байгаа хувилбараар бол УИХ-ын чуулганыг 10-21-нд завсарлуулна гэж буй. Тооцож үзвэл эрхэм гишүүд 24-ний даваа гаригт ажилдаа орж, хоёр өдрийн дараа саналаа өгөх юм. Ийнхүү хугацаа алдсаны уршгаар албан ёсоор наадмын өмнө завсарлах учиртай хаврын чуулган тун багахан хугацаанд үргэлжилж, УИХ хэлэлцэх ёстой олон асуудлын намар болтол хойшлуулж мэдэхээр байна.