Улс орны ирээдүй, ард иргэдийн хувьд амин чухал Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн кампанит ажил
хангалттай сайн гэж үнэлэхээр нөхцөлд эхэлсэнгүй. Дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонголтоос Монголын тогтмол хэвлэлүүд “жийгдэн”, сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхээ хязгаарлуулж, эрх зүйн ямар орчинд үйл ажиллагаа явуулах нь үл ойлгогдох нөхцөлд ажиллаж байна.
Улс орны хэмжээнд өрнөж буй Ерөнхийлөгчийг сонгох том хэмжээний үйл явдлаас хоцрох эрхгүй тогтмол хэвлэлүүд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа ч Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулагдсан Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөл ямаршуу дүгнэлт гаргахыг таашгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн үйл явцыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын том хэмжээний баг ажиглахаар иржээ. Манай улс ЕАБХАБ-ын отгон гишүүдийн нэг. Өнгөрсөн оны сүүлчээр тус байгууллагад элссэн. Хойд Америк, Европ, Газрын дундад тэнгисийн бүс нутаг, Ази, Австралийн 57 орны гишүүнчлэлтэй олон улсын энэ байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцуулах хүсэлтээ Гадаад харилцааны яам тавьсан юм байна. Урилгын дагуу тус газрын Ардчилсан нийгэмлэг, хүний эрхийн газрын улстөрч, судлаач эрдэмтэд, хэвлэл, мэдээллийн ажилтнуудаас бүрдсэн 24 орны 26 ажиглагч энэ сарын 11-нд Улаанбаатарт ажлаа эхлүүлжээ. Ажиглагчдын баг өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзав. Уулзалтын үеэр ЕАБХАБын Ардчилсан нийгэмлэг, хүний эрхийн газрын Сонгуулийн явцыг ажиглах багийн удирдагч Элчин сайд Одри Гловер болон тус багийн Хэвлэл мэдээллийн шинжээч Эльма Шехалич нарын хэвлэлийнхэнд өгсөн хариултыг сонирхуулъя.
-Олон улсын ажиглагчдын баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх зүйн орчин, дүрэм журамтай урьдчилсан байдлаар танилцаж амжсан байх. Сонгуулийн эрх зүйн орчин сайн бүрдсэн гэж үзэж байгаа юу?
-Монголд ирэхээсээ өмнө шинээр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, түүнийг хэрэгж үүлэх журамтай танилцсан. Тодорхой хэмжээний үнэлэлт хийсэн. Манай баг ажлаа хууль эрх зүй болон сонгуулийн орчин зэрэг олон зүйлд төвлөрүүлж байгаа. Хэвлэл мэдээлэл бол түүний нэгээхэн хэсэг. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс төгсөх хүртэлх бүх үйл ажиллагааг бид ажиглана. Хууль эрх зүйн болон улс төрийн, сонгуулийн, хэвлэл мэдээллийн орчинд ажиглалт явуулж дүн шинжилгээ, үнэлгээ хийнэ.
-Сонгуулийн үйл ажиллагаанд хэвлэл мэдээлийн байгууллага тэнцвэртэй оролцож, хараат бусаар ажиллах боломж бүрдсэн эсэх дээр ямар бодолтой байгаа вэ?
-Бид хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин болон сонгуулийн сурталчилгааны явцад маш нарийн ажиглалт хийхээр төлөвлөсөн. Энэ ажилд Монголоос долоон хүн авч сургаад, таван телевизийг сонгон үйл ажиллагааг нь хянаж байна. Мөн өдөр тутмын сонинуудад үнэлгээ хийж байгаа. Бидний ажил секунд тутамд нэр дэвшигчид сурталчилгаагаа хэрхэн явуулж байна вэ гэдэгт чиглэж буй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавьж байх явцдаа бас сурталчилгааны ажил хуульдаа хэрхэн нийцэж байгааг судалж үнэлэх юм.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулж буйг үнэлэх цаг хараахан болоогүй байх. Хууль эрх зүйн орчин нь хэвлэлийн эрх чөлөөг хангаж, хараат бус мэдээлэл авах боломжоор хангасан эсэхэд үнэлгээ өгсөн үү?
-Сонгуулийн сурталчилгааг зохицуулах хэд хэдэн хууль байна. Гол нь тэдгээр хууль ЕАБХАБ-ын сонгууль явуулах стандарт журмуудтай нийцэж байна уу, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хуульдаа нийцэж ажиллаж чадаж байна уу гэдэгт бид ажиглалт хийнэ. Урьдчилсан үнэлгээ энэ долоо хоногийн сүүлчээр гарна.
-Сонгуулийн хуулийн сурталчилгаа явуулах тухай заалтад телевиз, радиог хязгаарлаж, тогтмол хэвлэлийг бүр орхисон байгаа. Эрх зүйн ийм хязгаартай орчинд хэвлэл мэдээлэл тэнцвэртэй ажиллаж байна гэж үзэх үндэслэл байж болох уу?
-Сонгуулийн ажиглалтын явцын тайланг бид хоёр удаа гаргана. Долоо хоногийн дараа эхний тайлан гарна. Түүнд энэ тухай нарийн мэдээлнэ. Яаран үнэлэлт өгөх нь таатай биш байна. Ул суурьтай судалж байж тайлангаа гаргана. Бид албан ёсны вэб сайтдаа энэ тухай мэдээлэх болно.
-Олон улсын ажиглагчдын багт Монголоос хүн авч ажиллуулж эхэлсэн гэлээ. Ямар журмаар сонголт явуулсан юм бэ?
-Сонины зарын дагуу сонгон шалгаруулж авсан.
-Сонгуулийн ажиглалтын төслийн өртөг хэдэн төгрөгт багтаж байгаа бол. Энэ зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?
-Манай байгууллагын зардлыг ЕАБХАБ-ын Ардчилсан нийгэмлэг, хүний эрхийн газраас санхүүжүүлж байгаа. Урт болон богино хугацааны ажиглалт хийж байгаа ажиглагчид тухайн улсаасаа санх үүжилт авна. Манай байгууллага тухайн ажиллаж байгаа улс орноос хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас бид Монголын Засгийн газраас зардал аваагүй, авах ч ёсгүй.
Д.ОТГОО