Монгол Улсын далай аварга А.Сүхбат өчигдөр АН-ын батлах өвөртлөв. Сүмогийн их аварга Д.Дагвадоржийн дараагаар тус намын босгыг алхсан хоёр дахь бөх нь тэр болж байгаа юм. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Далай аваргад намын батлахыг нь гардуулж өгөхдөө “Таныг манай намд элсэх хүсэлт гаргасныг хүлээн авч буйдаа баяртай байна. Таны энэ үлгэр дуурайл олон залууг араасаа дагуулж, ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэхэд манлайлах болтугай” гэлээ.
Улс төрийн ийм шийдвэр гаргах болсон талаараа А.Сүхбат аварга “1990 онд ардчиллын салхи сэвэлзэж байхад 19 настай байлаа. Тэр үед ах нартайгаа хамтран жагсаж, уг хувьсгалын үйл хэрэгт тодорхой хэмжээгээр оролцож явсан. Улмаар 2007 онд МоАХ-д элсэж байлаа. Тэгвэл өнөөдөр өөрийнхөө шийдвэрээр ардчилсан үзэл санааг хөгжүүлж байгаа АН-д элсэж байна. Хувийн жижиг аж ахуйгаа эрхлээд явж мэдээж болно. Гэхдээ тэгж хувиа бодох цаг биш болжээ. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө нэг хүний нэмэр ч багадахгүй, далайд дусал нэмэр гэж үзээд сонголтоо хийлээ. Та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэв.
С.УУЛ