СЕХ өнгөрсөн баасан гаригт хийсэн хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хуудасны загварыг баталсан байна. Хуульд заасны дагуу УИХ-д намуудын авсан суудлын тоогоор нь буюу хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхлэн нэрсийг дараалуулж бичээд, гэрэл зургийг хажууд нь хэвлэжээ.
Уг хуудас сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавартай бөгөөд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нь нэрийг том үсгээр, түүний ард нэр дэвшүүлсэн намын нэрийг хаалтад бичсэн байна. Харааны бэрхшээлтэй сонгогчид саналын хуудсыг уншиж, саналаа тэмдэглэхэд нь зориулан брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрт нэгийг тавихаар тооцоолжээ.
Р.ОЮУН