Засгийн газрын Хэрэг эрхлэх газар одоогоор даргагүй байгаа. Тус газрын дарга Ш.Солонгыг ажлаас нь чөлөөлснөөс хойш орны хүн нь тодроогүй байгаа юм. Ш.Солонго, дэд дарга Г.Дэнзэн нар хоорондоо таарамжгүй байдаг, Н.Алтанхуягийн “шахааны” энэ залуу ажлаа мэдэхгүй атлаа эрх мэдэл булаацалддаг, ажилтнуудаа халж сольдог, Тавантолгойгоос 17 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэт олон яриа сүүлийн үед гарч буй. Энэ бүхэнд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өчигдөр албан ёсны тайлбар хийлээ.
Түүний талаар “Н.Алтанхуягийн хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга” гэхээс илүүг олон нийт төдийлэн мэдэхгүй учраас тэр эхлээд өөрийгөө танилцуулав. Тэрбээр МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөөд сургуульдаа багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. Энэ үед нь одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний чадварыг олж хараад УИХ дахь АН-ын зөвлөлд ажиллах санал тавьсан аж. 2004-2008 онд УИХ-д АН-ынхан Бүлэг биш, Зөвлөл байгуулж байсан юм. Улмаар 2011 оноос “Монгол хүн” хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцсон гэнэ.
УИХ-ын сонгуулиар Шуурхай албаны даргаар томилогдож, мониторинг хариуцаж ажилласан байна. Улмаар АН-ын удирдлагууд сонгуулийн дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллахыг урьснаар энэ албанд очсоноо ярилаа. Тэрбээр хяналт шалгалт, дотоод аудит хариуцаж эхэлжээ. Ингээд төрийн албанд шалгалт оруулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан олон баримт илрүүлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахдаа мөн л хяналт шалгалтаар цөөнгүй “но” илрүүлснээр дайснуудтай болсон гэнэ. “Ямар ч үр ашиггүй, өр ихтэй компанийг би хүлээж авсан. Математикч, тооцон бодох чиглэлээр мэргэшсэн хүн учир хэрхэн ашигтай ажиллахыг тооцсон. Энэ амархан бодлого байлаа. Тус компанийн санхүүг шалгахад ч олон асуудал илэрсэн” гэлээ. Гаднаас зардал ихтэйгээр урьж авчирсан атал ажил хийдэггүй, ашиг сонирхлын зөрчилтэй хоёр гадаад захирлыг чөлөөлснөөр удирдлагын зардлыг 65 хувиар хэмнэсэн гэх мэтээр тэр хийсэн ажлаа танилцуулав.
Мөн “Шударга ажиллаж, олон хүний зөрчил дутагдлыг илрүүлсэн нь л хэсэг хүний дургүйг хүргэсэн. Намайг хэвлэлээр элдвээр гүтгэсэн, мөнгөтэй айлын хүүхдүүд УИХ-ын гишүүн болчихоод бүрэн эрхээ ашиглан цахим сүлжээгээр намайг доромжилж, гүжирдлээ. Байдал хэрээс хэтэрсэн учраас тайлбар хийж байна” гэсэн юм. Тавантолгойгоос ямар ч тендер аваагүй, энэ бол гүтгэлэг гэж албан ёсоор мэдэгдээд “Тиймээс би өөрийгөө шалгуулж, нэр төрөө цэвэрлэж авахаар хуулийн байгууллагад хандсан” гэлээ. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Хэрэг эрхлэх газрын дарга байсан Ш.Солонгын “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг Та уншсан уу. Түүний оронд Та өөрөө очих сонирхолтой байсан учраас эрх мэдэл булаацалдаж зөрчил үүсгэсэн юм биш үү?
-Тэр ярилцлагыг уншсан. Ш.Солонго даргыг би хүндэлдэг, бид дөрвөн жил хамтарч ажилласан. Түүнээс сурсан зүйл ч надад бий. Би Тэргүүн дэд дарга болно гэж огт яриагүй. Бид хоёр өөр өөрийн үүрэгтэй. Би бас Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн. Үүгээр шалгахад Ш.Солонго дарга 15 сая төгрөгийг ашиг хэмээн авсан, хөнгөлөлттэй нөхцөлөөр хаустай болсон зөрчил илэрсэн. “Тантай холбоотой ийм мэдээлэл байна” гэдгийг хэлснээс хойш л надад дургүй болсон. Шударга бус байдалтай би эвлэрч ажиллахгүй.
-Та хийсэн ажлаа ярилаа. Гэвч дээрх ярилцлагад өөрөөр хэлсэн байна лээ. Тухайлбал, аймгуудын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны журмыг шинээр боловсруулах даалгаврыг Та биелүүлж чадалгүй, хагас жил болсон гэсэн байсан…
-Аймгууд хуучин бүтцээрээ ажиллаж байгаа. Тиймээс үйл ажиллагааны журмыг Хэрэг эрхлэх газраас боловсруулах шаардлагагүй.
-Та хэдэн байгууллагын ТУЗ-д байдаг вэ, сард хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол?
-Цалинтай холбоотойгоор Засгийн газраас журам гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалсантай тэнцэх цалин авах учиртай. Би “Эрдэнэс МГЛ” ХХК, Төрийн банк, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалтай.
-Таны эхнэрийн “Говь повер” компани Тавантолгойгоос 17 тэрбум төгрөгийн тендерт зүй бусаар ялсан тухай мэдээлэл байгаа. Сөрөг хүчний зүгээс байдлыг шалгахад Уянгын овгийг УБЕГ-аас өөрчилчихсөн гэж тэд ярьсан. Танай гэр бүлд ийм нэртэй компани, лиценз бий юү?
-ТУЗ-ийн дарга тендертэй холбоотой үйл ажиллагаанд оролцдоггүй. “Говь повер” гэдэг компани надад ч, манай эхнэрт ч байхгүй. 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг гэнэт л надтай холбосон. Энэ бол гүтгэлэг. Надад ямар ч лиценз байхгүй. Эцэг, эхээс өвлөсөн их хөрөнгө ч үгүй. Зөвхөн багш нараасаа сурсан мэдлэг, ажил хийх сэтгэл л байна.
-Хүргэн ахтайгаа хамт ажиллаж буй чинь Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу зөрчил биш үү?
- Жил гаруйн өмнөөс би Англид боловсрол эзэмшсэн бүсгүйтэй үерхэж эхэлсэн. Гэтэл тэр хүн маань Ерөнхий сайдын хамаатан байсан. Бид гэрлэлтээ хараахан батлуулаагүй байгаа. Хэвлэлээр тарж буй энэ бүх гүтгэлэг гэр бүлд минь хүнд тусаж байна. Надад хайрлаж, дурлах эрх байгаа шүү дээ. Би Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд болно гэдгийг нь мэдээгүй. Ашиг сонирхлын хууль зөрчөөгүй.
С.ТУУЛ