Ж.Лхүмбийн гэх зохиомол хэргийг үүсгэн, олон зуун хүнийг хэлмэгдүүлсэн явдал гарснаас хойш 80 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог Ажлын хэсэг байгуулсан байна. Цагаатгал, архив, судалгааны болон эрдэм шинжилгээний байгууллага, орон нутаг, төрөл төрөгсдийн төлөөлөл орсон тус Ажлын хэсэг өчигдөр хуралдаж ажлынхаа төлөвлөгөөг ярилцжээ. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан Жамбын Лхүмбэ тэргүүтэй олон хүнийг баривчлан, зохиомол хэрэг бүрдүүлж, улмаар Японы тагнуулын байгууллагын даалгавраар зэвсэгт бослогод бэлтгэж байсан хэмээн ял тулгаж байсан аж.
Энэ хэргийн 80 жилийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар тогтож, намтрын товчоон хэвлэн гаргах, баримтат кино үзүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний дотор Монголын нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ж.Лхүмбийн ажил, амьдрал, зохиомол хэргийн талаар гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн гаргах, тэдгээрт тавигдах үзмэрээр орон нутгийн музейн сан хөмрөгийг баяжуулах, нэрэмжит газар бий болгох, дурсгалын самбар байршуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх зэрэг санал гаргаж, Ажлын хэсгээс хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгахаар болсон байна.