авантолгойн ордын Цанхийн баруун хэсгээс нүүрс олборлох компанийн сонгон шалгаруулалт зарласан нь уг ордыг ашиглах сонирхлоо илэрхийлсэн олон улсын бусад компанийг сандаргаж буй бололтой. Дэлхийд нүүрснийхээ нөөцөөр толгой цохих уг ордыг ашиглах тендерт дэлхийн нэр хүнд бүхий компаниуд ялсан ч ордын хуваарилалтын асуудалд хэл амаа ололцоогүй учраас тодорхойгүй нөхцөл байдал үүссэнийг төрийн өмчит тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь тайлбарлаж байсан. Харин одоо үндэсний компани уг ордоос нүүрс олборлохоор болж буй тул энэхүү тодорхойгүй нөхцөл даамжирч, улмаар олон улсын өмнөх тендер цуцлагдах эрсдэл нүүрлэж буйг “Global Post” мэдээлжээ. Олон улсын тендерийн эцсийн дүн гарахыг хүлээхийн оронд дотоодын компаниудтай хамтран уурхайгаа өөрсдөө ашиглаж эхлэхийг зорьсноо Я.Батсуурь өнгөрсөн бямба гаригт “Kyodo news”-т тайлбарласан байна. Гэвч Японы компаниуд энэ нь олон улсын сонгон шалгаруулалтад сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн айдас тээж буй аж. Тухайлбал, Японы нэгэн компанийн удирдах албан тушаалтан энэ үйл явцын улмаас тендер цуцлагдаж магадгүй хэмээн зовниж буйгаа мэдэгдсэн байна. 2010 оны арванхоёрдугаар сард зарлагдсан уг олон улсын тендерт Японы “Itcohu”, “Marubeni” корпорац оролцсон билээ.