МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх албан ёсны шийдвэр гарсны дараа олон нийтийн сүлжээгээр хуучны нэгэн түүхэн зураг цацагдсаныг уншигчид санаж буй биз. 1989 оны улсын наадамд Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аварга цол гардах үед одоо АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Ц.Элбэгдорж түүний зургийг авах гээд гүйж явсан нь тэнд буусан байдаг. Тухайн үед Ц.Элбэгдорж “Улаан-Од” сонины залуухан сэтгүүлч байжээ. Амьдрал баян. Монгол Улсын Төрийн тэргүүний төлөө өрсөлдөнө гэдгээ 24 жилийн өмнө энэ хоёр эрхэм таамаглаагүй нь мэдээж. Тэгвэл өнөөдөр Монголын улс төрийн хоёр том намаас эн тэнцүүхэн өрсөлдөж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байна. МАН-ын нэр дэвшигч 2000 он хүртэл улс төрөөс ангид байж, спортод амьдралаа зориулсан бол мань сэтгүүлч Ц.Элбэгдорж 1990 оноос л УБХ-ын гишүүн болж, улс төрд хөл тавьсан түүхтэй. Тэдний хэн хэн нь хийсэн, бүтээсэн зүйлтэй, ард түмний дунд нэр хүндтэй, ялж, ялагдахын үнэ цэнийг мэддэг хүмүүс. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тогтуухан өрнөж байна. Дээрээс нь энэ хоёр нэр дэвшигч хоорондоо гэмгүй сайхан нөхөрлөдөг юм билээ. Улс орон гэдэг нэг л эрх ашиг байгааг сануулж буйгаас хэн нэгийнхээ улыг шагайхыг тэд хүсэхгүй болов уу. Энэ удаагийн сонгуульд намууд “дундын зарчим” баримталж буйг сурталчилгаанаас нь харж болохоор байгаа юм.

Шүүмжлэл хувийнхаас ерөнхий рүү шилжив
Нэр дэвшигчид эх орноо тойрон ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж яваа энгүүн мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Гэхдээ сонгуулийн штабынхан нь өрсөлдөгчөө цэвэрхэн чимхсэн өнгө аяс мэдээлэл дундаа оруулахаа мартаагүй нь мэдээж. Тухайлбал, МАН-ын төлбөрт нэвтрүүлэгт 2012 оны сонгуулийн дараа УИХ-ыг байгуулж, МАН бүлэггүй үлдсэн, Байнгын хороодод төлөөллөө оруулж чадахгүй байх нөхцөлд ч эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дорвитой алхам хийгээгүй гэх мэт шүүмжлэл сонсогдож байна лээ. Харин АН-ынхны зүгээс сөрөг хүчнийг Бүлэггүй ядарч явахад Төрийн тэргүүн өөрөө хууль санаачлан батлуулж асуудлыг шийдсэнийг тодотгоно. Энэ бол өрсөлдөөн, тиймээс хийсэн ажлаа тойрсон шүүмжлэл, магтаал байх нь дамжиггүй. Гэхдээ энэ удаагийн сурталчилгаанаас улс төрийн соёлын нэг дэвшил ажиглагдсан нь шүүмжлэлийг хувь хүний амьдрал, Үндсэн хуулиар олгосон эрх рүү нь бус, хийсэн ажил, албан тушаалтан руу нь чиглүүлж байгаа явдал. 2009 онд АН-аас Ц.Элбэгдорж өрсөлдөхөд хар PR хэрээс хэтэрч, түүнийг хятад хэмээн гүтгэж байсан. Тухайн үеийн МАХН хэтэрхий бүдүүлэг энэ хар PR-таа өөрсдөө бүдэрсэн гашуун сургамж бий. Хүний удам угсаа руу халдан доромжилсон нэвтрүүлэг хийснээрээ МАХН харин ч олон сонгогчийн дургүйцлийг төрүүлж, Элбэгээд оноо нэмэхэд нь тусалсан түүхтэй. Энэ удаа иймэрхүү тэнэг сурталчилгаа алга. Гол өрсөлдөгч АН, МАН-ын хоёр нэг иймэрхүү тайван байдлаар ажиллаж байгаа. Тэднээс санал хуваах өрсөлдөгч болох МАХН-ын Н.Удвалын сонгуулийн штабынхан харин дундын зарчмаас багахан хазайгаад буй юм. Хуучин нэртэй ч шинэхэн нам учир туршлага дутаж байж болох. Мэдээж илт дайрвал өөрөө хохирох МАН-ын туршлагыг тэд харсан. Тиймээс нэр дэвшигчээ тодруулах, Эрүүл мэндийн сайд, эх хүн гэдгээр нь товойлгох өнгө аястай сурталчилгаа цөөнгүй байна.
Төгсгөл нь ч аядуухан байгаасай
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёр долоо хоног дутуу байна. Тиймээс тайвшрах хараахан болоогүй. Шарга морь унан адуугаа хариулж, хийсэн, хийх ажлаа гэмгүйхэн танилцуулж, эх орноо бодсон сонголт хийхийг уриалж яваа Ц.Элбэгдорж, 800 залуу тойруулан сууж төрсөн өдрөө тэмдэглэнгээ ток шоунд оролцож, хувийн амьдралын дурсамжаа хүүрнэж суугаа Б.Бат-Эрдэнэ, хөдөөгийн суманд хүүхэд эх барьж, Эрүүл мэндийн сайд гэдгээ сануулж яваа Н.Удвал… Инээмсэглэсэн, гар барьсан, ухуулсан, таниулсан гэм хоргүйхэн дур зургууд одоохондоо үргэлжилж байна. Гэвч аливаа сонгуулийн түүхээс харахад сурталчилгааны төгсгөл хэсэг рүү байдал ширүүсдэг, хар PR гаардаг. Олонх сонгогч өдийд сонголтоо дотроо хийчихсэн байгаа. Гэвч буруу аргаар үзэх юм бол цөөнгүй хүн бодлоо өөрчилж болзошгүй. Тиймээс хар PR цацалгүйгээр аядуухан эхэлсэн сонгуулиа энэ хэвээр нь дуусгаасай. Ард түмэнд сонгуулийн синдром хэрэггүй.
С.ТУУЛ