УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга ноён Эеро Хейнэлуоман манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүн угтав. Ноён Эеро Хейнэлуома энэ үеэр Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхэн ой тохиож байгааг онцлоод айлчлалынхаа энэ өдрүүдэд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл явцтай нарийн танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд ноён Эеро Хейнэлуомаг Сүхбаатарын талбайд угтан авч, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хүндэт зочин Төрийн ордны “Баганат” танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Үдээс хойш УИХ-ын дарга З.Энхболд Финландын Парламентын тэргүүн Эеро Хейнэлуомаг хүлээн авч уулзав. Урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэн ноён Эеро Хейнэлуомад УИХ-ын дарга талархал илэрхийлээд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглэлээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлэг 11 гишүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ажиллаж буй. Энэ бүлэг нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй ажилладгийг дуулгаад цаашид хоёр улсын хооронд улс төр, эдийн засгийн харилцааг улам идэвхижүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Финланд улс боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлогоороо дэлхийд дээгүүрт ордог тул боловсролын салбар, ялангуяа инновацийн хөгжлөөс туршлага судлах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга хэлсэн. Харин ноён Эеро Хейнэлуома уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус улсад сүүлийн жил үүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Зочид мөн манай улсын шүүх байгууллагын тогтолцоо, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг сонирхож байгаа аж. Уулзалтын төгсгөлд ноён Эеро Хейнэлуома УИХ-ын дарга З.Энхболдыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урилаа. Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг гурав хоног үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нартай уулзахаар төлөвлөжээ.