Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Шинэ нийгэмд шилжсэнээс хойших 21 жилийн хугацаанд цаг үеийн нөхцөл шаардлагаар Үндсэн хуулиа боловсронгуй болгох ёстой гэсэн үндэслэлээр УИХ-аас 2000 онд уг хуулийн долоон зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдөр төрийн ажилд ихээхэн хүндрэл учруулж, шүүмжлэл дагуулах болсон хэмээн Ерөнхийлөгч үзжээ.
УИХ-ын зарим гишүүн мөн шинэ Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөх шаардлагатай гэсэн санал гаргаж, хуулийн хэд хэдэн төсөл боловсруулан өргөн барьсны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч заавал Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр суурь үзэл баримтлалд нь нийцүүлэн, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаггүй байх эрх зүйн зохицуулалтыг хийж болно гэж уг хуулийг санаачлагч үзсэн байна. Тиймээс хуулийн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэсэн өөрчлөлт оруулахаар тусгажээ. Хуулийн төслийг өргөн барьсан П.Цагаан “Энэ хуулийн төслийг өнөөдөр өрг өн барьж буй нь 2016 оны УИХ-ын сонгуульд намууд хэнийг нэр дэвшүүлж, Парламентад олон суудалтай болж ялалт байгуулсан тохиолдолд хэнийг сайд болгох вэ гэдгээ тооцоолж, боловсон хүчнээ эртнээс бодох хугацаа олгож байна” гэв. Ийнхүү УИХ-ын гиш үүн сайдын алба хаших эсэхийг хуулиар зохицуулах буюу Засгийн газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, УИХ нь гүйцэтгэх засаглалаа хянадаг байх төрийн тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжих бололцоог бүрдүүлсэн хуулийг төслийн өчигдөр өргөн барилаа.
Хэрэв хуулийн төсөл батлагдвал 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.