Хилийн чанадад суугаа монгол иргэд энэ сарын 14-16-нд Төрийн тэргүүнийг сонгох саналаа өгнө. СЕХ саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан нийт салбар комисст хүргүүлээд байна. Мөн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоог үндэслэн хэвлүүлж дуусчээ. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэсэн эсэхэд СЕХ-ноос байгуулсан Ажлын хэсэг хяналт тавьсан аж.
Одоо саналын хуудсыг аймаг, дүүргийн сонгуулийн хороодод хүргэх ажлыг зохион байгуулж буй юм байна. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглах эрхийг 32 орны 300 гаруй ажиглагчид олгожээ. Тэд Монгол Улс сонгуулийн ардчиллыг хэрхэн хэрэгж үүлж байгаа болон хуулийн шинэ орчин, автомат төхөөрөмжийг ашиглаж буй байдалтай танилцана. Түүнчлэн сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас ажиглан, дүгнэлт өгөх зорилготой гэнэ.
С.УУЛ