Жим Лерер: Мянга мянган иргэн өнөөдрийн мэтгэлцээний сэдвийн талаар өөрсдийн санал бодол, асуултуудыг интернэт болон бусад байдлаар бидэнд хаяглан ирүүлснээс би эцсийн сонголтыг хийсэн билээ. Дашрамд дурдахад, миний сонгосон сэдвүүд Сонгуулийн ерөнхий хороо болон нэр дэвшигчдэд урьдчилсан байдлаар хүргэгдээгүй болно!
Би эдийн засгийн сэдвийн хүрээнд гурван дэд сэдэв, нийгмийн халамж, эрүүл мэнд, Засгийн газар болон Засгийн эрх баригчийн үүрэг, хариуцлагыг өөрчлөн тогтоох талаар тодруулга мөн чөлөөт сэдэв гэх сэдвийн хүрээнд тус бүр нэг дэд сэдэв бэлдээд байна.
Эрхэм ноёд оо! Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй явдалд тань баяр хүргэхийн сацуу, амжилт хүсэж буйг минь хүлээн авна уу. Ингээд, халз мэтгэлцээнд тавтай морил!
Эдийн засгийн сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг эхлүүлье. Эхний дэд сэдэв бол “Ажлын байрыг нэмэгд үүлэх”. Ажлын байрыг нэмэгдүүлж, шинээр бий болгоход чиглэсэн нэгдсэн бодлогын тал дээр та хоёрын үзэл бодлын гол ялгаа юу вэ?
Илтгэгч бүрт бэлдэх хугацаа хоёр минут, мөн илтгэх хугацаа хоёр минут байгааг анхаарна уу! Зоос шидэж шодсоны дагуу, ноён Ерөнхийлөгч та мэтгэлцээнийг эхлүүлнэ.
Энэ бол Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ерөнхийлөгч Барак Обама болон Массачусетс мужийн Амбан захирагч асан Митт Ромни нарын Колорадо мужийн Денверийн их сургууль дээр 2012 оны аравдугаар сарын 3-ны өдөр хийсэн халз мэтгэлцээнийг нээж эдийн засгийн сэтгүүлч Жим Лерерийн хэлсэн үгc байлаа.
Уг халз мэтгэлцээний протоколоос чадан ядан орчуулж та бүхэнд хүргүүлж буйн учир шалтгаан их энгийн. Ардчиллыг сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг их гүрний Ерөнхийлөгчийн сэнтийг горилж буй нэр дэвшигчид өөрсдийн зорилтот ажлын төлөвлөгөөг мэтгэлцээний индэр дээр ард түмний өмнө танилцуулж үзэл бодлын ялгаа, үнэн худал болон буруу зөвийг сонгогч түмнээр шүүн хэлэлцүүлдэг тэрхүү тогтолцооны жишгийг ойлгуулах гэсэн юм.
Миний бие АНУ-д эрдмийн зэрэг горилж тэндхийн улс төрийн тогтолцоо, үзэл баримтлалууд, тэдгээрийг хэрхэн олон нийтэд таниулан сурталчилж буй арга механизмыг судалж байсны хувиар манай улсад тэрхүү жишиг хэрхэн дутагдаж буй талаар цухасхан бодоод өнгөрсөн удаатай.
Тэгвэл, өнөөдөр бидэнд Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж өөр өөрсдийн сонголтыг хийн улс эх орныхоо төрийн тэргүүнийг сонгох цаг мөч ирээд байна.
Гэтэл бид өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Гар минь ч, сэтгэл минь ч цэвэр, тийм учраас намайг сонго!”, эсвэл “Би хэлснээ хийдэг ш дээ, та нар мэдэж байгаа биз дээ! Тиймээс Ерөнхийлөгчөө дэмжье!” гэх мэт сонгуулийн сурталчилгаа гэхээсээ илүү олон давтах замаар чихэнд хоногшуулж, нийтээр нь тархи угаах хөтөлбөрүүдийг үзэж байна. Саван, угаалгын нунтаг эсвэл угаалгын машины реклам үзэж буйгаас өөрцгүй. Бидний татварт төлс өн мөнгө бидний тархийг хямдхан угаах арга хэрэгсэлд зарцуулагдаж байх шиг.
Толгой холбохын тулд, эсвэл сонсголонтой болгохын тулд нэр дэвшигчдийн уриа утгаа алджээ. Нэр дэвшигч Н.Удвал, “Шударга байхдаа хүчтэй өөрчилье” гэх уриаг нийгэмд түгээж амжилтыг эрэлхийлж байна. Монгол хэлний найруулгын хувьд “Шударга байж, хүчтэй өөрчилнө! гэсэн бол утга төгс юм шиг. Нарийн ширийн дүрмийг мэдэхгүй ч мөхөс миний хувьд энэ хувилбар илүү ойлгомжтой санагдав. Харин Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аварга “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэх юм. Эвийг эрхэмлэх нь Өүлэн эхийн сургаалыг дагаж буй хэрэг. Шинэ, эсвэл шийдэмгий зүйл огт алга. Бурууг дэмжинэ гэж хэн ч хэлээгүй байхад “Зөвийг дэмжинэ” гэх үг илүүц мэт. Мөрийн хөтөлбөртэйгөө илүү уялдуулж уриагаа санаачилсан бол үр дүнд хүрэх байсан гэж бодогдов.
Хамгийн ухаалаг сурталчилгааг aргагүй л туршлагаараа илүүрхэн Монгол Улсын Ерөнхийлөгч маань дэлгэрүүлж байна. “Ерөнхийлөгчөө дэмжье!”. Давуу талаа ашиглан дайснаа нухчин дарах нь аль ч тулааны үед шалгарсан арга. Харьцангуй давуу талын онол сонгуулийн сурталчилгаанд хүртэл төрлөө олох шиг.
Мөрийн хөтөлбөр. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг уншаад бүгдээс нь нэг ижил асуултыг үтэр түргэн асуух хүсэл төрөв. “ЯАЖ?” Яаж энэ олон мөрийн хөтөлбөрт багтсан амлалтуудаа биелүүлэх юм бэ? Сайхан амлалтууд байна! Таалагдаж байна! Би бүгдийг нь дэмжиж байна! Гэхдээ та бүхний хэн чинь ч амлалтуудаа хэрхэн биелүүлэх аргачлал, шийдлүүдийг огт бичээгүй бас хэлээгүй байна. Би энийг ингэж хийнэ, яагаад гэвэл энэ чинь ийм учраас гэсэн гаргалгаа огт алга. Зугээр л “Би ингэнэ, бас тэгнэ” тэгээд л болоо.
Надад та бүхний мөрийн хөтөлбөрүүдийг уншаад ийм ойлголт төрөв. Дэвшүүлсэн амлалтуудаа хэрэгжүүлэх арга замыг Ерөнхийлөгч болохоороо бодож олно. Хэрэв Ерөнхийлөгч болохгүй бол цаг үрж, толгойгоо гашилгах шаардлагагүй. Яг одоо бэлэн биш байна.
Тэгвэл би яаж сонголтоо хийх юм бэ? Нам дагаж уу? Эсвэл манай өвөө Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжээрэй гэсэн болохоор уу? Эсвэл манай аав Ц.Элбэгдорж бол боловсролтой, хаа ч очсон нүүр тахлаад явчих хүн гэсэн болохоор уу? Эсвэл жендерийн эрх тэгш байдлыг дэмжиж Н.Удвалыг уу?
Нэр дэвшигчид минь! Надад сонголт хийхэд минь туслаач! Олон жил “Хэн сайн тархи угаах вэ” гэдэг тэмцээнийг сонгууль гэж нэрлэдэг байсан бол энэ удаа сонгогчид бид тархи угаах вирусийн эсрэг дархлаатай болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалт бүрээ хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж танилцуулаач. Миний болон миний адил ард иргэд, сонгогч түмний өмнө цуврал халз мэтгэлцээн явуулж яагаад болохгүй гэж? Тэгж байж би та нарын хэн чинь үнэн, хэн чинь худал, хэн чинь хэрэгжих боломжтой, эсвэл боломжгүй зүйл ярьж буйг тунгаан сонголт хийх гэсэн юм.
2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хорооноос албан ёсны дөрвөн (4) цуврал мэтгэлцээнийг товлож явуулснаас гадна үндэсний шилдэг сэтгүүлч, үзэл бодлын лидерүүд болох Ларри Кинг, Том Хартман, Ралф Нэйдер нар хөндлөнгийн этгээдүүдийг оролцуулсан халз мэтгэлцээнийг явуулсан байдаг.
Мэдээ шагайж суух нь ээ нэр дэвшигчид маань хорооны дарга, эсвэл дүүргийн даргын шийдэх түвшний асуудлуудыг хөндөж хэн нэгэнд тусалж, ам гарч яваа л харагдах юм. Би та бүхнийг ажилгүйдэл, инфляц, мөнгөний бодлого, нийгмийн халамж, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа үндэсний аюулгүй байдал гэх макро сэдвүүдийг хэрхэн өөр өөрөөр харж, дүгнэж, шийдэлд хүрч буйг тань сонсмоор байна.
Tа бүхнээс дэндүү их зүйл хүссэндээ хүлцэл өчье. Мөхөс намайг эгэл жирийн ард түмнээс минь өөр хэн тоох вэ дээ. Өөрийн facebookээр дамжуулан улсынхаа Ерөнхийлөгч рүү санал бодлоо бичиж байлаа. Урам хайрлаад хоёр үг ч хариу чулуудаж байсангүй. Мэдээж бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч очиж очиж facebook-ээр над мэттэй харьцахгүй нь тодорхой учир надад гомдол мэдүүлэх эрх байхгүй билээ. Ерөнхийлөгчийнхөө эсрэг ПР хийх гэсэндээ ингэж бичсэнгүй. Хэн ч Ерөнхийлөгч болсон миний дуу хоолойг сонсох завгүй байна гэсэн санааг агуулсан юм. Учир нь “би” хэнийх нь ч мөрийн хөтөлбөрт энэ удаа багтсангүй, багтаж ч байсанг үй. Ард иргэдээ сонсоно! Та бүхний дуу хоолой, үзэл бодлын өмгөөлөгч болж ажиллана гэсэн үгийг би олж харсангүй.
Их сургуулийн II дамжаанд суралцаж байхад “Төр засгийг дарвуулт завь гэж төсөөлбөл тэр их далай, тэнгис, мөн салхи нь ард түмэн бид юм шүү дээ” гэж улс төрийн хичээлийн багш эхний хичээлээ зааж байсан юм. Миний ойлгосноор түүний хэлсэн гол санаа нь “бид хүсвэл тэрхүү дарвуулт завийг живүүлж чадна” гэсэн юм шиг. Харин манай орны төр, засаг дарвуулт завь бус, шумбагч онгоц болоод удаж байна. Далайн хар салхи, давалгаа тэрхүү шумбагч онгоцны явах чиглэлд саад хийж чадахгүй. Сонгуулийн үеэр усны мандал дээр гарч ирж агаар салхи амьсгалчихаадь дуусахаар нь буцаад шумбах тийм л шумбагч онгоц.
Байлдааны шумбагч онгоцны баг бүрэлдэхүүнийг усны мандал дээр гарч ирсэн дээр нь ам өчгийг нь авч дарвуулт завинд нь суулгах юмсан. Тэгсэн цагт тэрхүү баг бүрэлдэхүүн дан ганц хөлгийн капитаны хүсэл зорилго бус, салхины чиг, далайн давлагаанаас шууд хамааралтайгаар явах чиглэлээ тодорхойлдог болно. Салхи хаашаа онгоц тийшээ явах тэрхүү мөчийг үзчих юмсан гэсэндээ үзгээр чичиж, үгээр сэнхрүүлcнийг минь зөвөөр ойлгоно гэж итгэж байна. “Өөр өөрийнхөөрөө ойлгох нь хамгийн зөв ойлголт” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг юм гэнэ лээ. “Хэн нь тархи сайн угаах вэ” тэмцээн дуусгавар болж “Хэн нь ард иргэдээ сонсох вэ” гэдэг тэмцээн эхэлсэн! Хэн хамгийн сайн сонсоно, дүгнэнэ, ажил хэрэг болгоно = тэр л Капитан ялна!
Ү.Тэмүүжин (Чөлөөт нийтлэлч)