Говь-Алтай аймгийн ИТХ-ын 13 гишүүн аймгийнхаа Засаг дарга Ш.Амгаланбаярыг огцруулахаар ИТХ-ын даргадаа саналаа өргөн барьсан байна. Эдгээр гишүүдийн 11 нь АН-ынх, хоёр нь МАН-ынх аж. Тэд аймгийн Засаг даргыг АН-тай байгуулсан гэрээгээ биелүүлээгүй, “Хөнхөр” зуслан руу эрчим хүчний шугам татаагүй, аймгийн ИТХ-д гарааш бариулахаар төлөвлөсөн 23 сая төгрөгийг дур мэдэн өөр зүйлд зарцуулсан, ерөнхий боловсролын зарим сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчдийн асуудлыг шийдээгүй гэсэн зургаан үндэслэлээр огцруулахаар дурджээ.
Ш.Амгаланбаяр аймгийн Засаг даргаар томилогдохдоо Говь-Алтайн төрийн захиргааны 2-3 байгууллагын даргаар АН-ын гишүүдээс томилохоор АН-тай гэрээ байгуулсан аж. Түүнийгээ биелүүлээгүй нь Ш.Амгаланбаярыг огцруулах гол шалтгаан болсон бололтой. Уг асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчид долоо хоногийн өмнө хэлэлцэх байсан ч МАН-ын гишүүнчлэлтэй тэргүүлэгчид хуралд ирэхгүй байснаас ирц бүрдэлгүй хойшлуулсаар өчигдөр хуралджээ. Аймгийн ИТХ-ын дарга Х.Энхбаяраас энэ талаар тодруулахад “ИТХ-ын ээлжит бус хурлын тов зарлах асуудлаар санал хураахад Тэргүүлэгчдийн зургаа нь зарлах шаардлагагүй, дөрөв нь зарлах шаардлагатай гэсэн санал өгсөн. Ингээд олонхийн саналаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй болсон” гэв.
Х.ЭРХЭМ