Тайландын Чангмай хотноо энэ сарын 8-13-нд болсон өсвөрийн шатарчдын Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид зургаан медаль хүртжээ. Түргэн, түргэвчилсэн, сонгодог гэсэн төрлөөр эрэгтэй, эмэгтэй найман насны ангиллаар өрсөлдсөн уг тэмцээнд манайхаас 18 тамирчин оролцсон байна.
Тэмцээний түргэн төрлийн 9-10 насны ангилалд спортын мастер Э.Баасансүрэн алтан медаль хүртсэн бол Г.Сайханзаяа түргэн, түргэвчилсэн төрлийн 15-16 насны ангиллаас хоёр мөнгөн медаль зүүжээ. Түргэвчилсэн болон сонгодог төрлийн найм хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Г.Амартүвшин, С.Чингүүн нар тус бүр мөнгөн медалиар энгэрээ мялаасан аж.
Харин Олон улсын шатрын холбооны мастер С.Билгүүн түргэн төрлийн 20 хүртэлх насны ангилалд хүрэл медалийн эзэн болсноор манай тамирчид багаараа зургадугаар байрт жагсчээ.
П.ТУН