Энэ сарын 6-13-нд Тайланд улсад гурван төрлөөр явагдсан Зүүн өмнөд Азийн орнуудын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах XIV тэмцээнд 8-20 насны 400 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэмцээний бүх төрөлд манай 16 хөвгүүд, охид оролцсоноос блиц тоглолтын хөвгүүдийн 10 насны ангилалд Э.Баасансүрэн түрүүлж, охидын 16 насанд Г.Сайханзаяа II, 20 хүртэлх насанд С.Билгүүн III, рапидын төрөлд хөвгүүдийн 8 насанд Г.Амартүвшин II, Г.Сайханзаяа мөн II, стандарт шатрын төрлийн хөвгүүдийн 8 насанд С.Чингүүн II байр эзэлсэн сайхан амжилт тус тус үзүүллээ.
"Орон нутаг 2013" тэмцээн
Саяхан Багануурт орон нутгийн шатарчдын уламжлалт тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 57 шатарчин өрсөлдснөөс ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай) түрүүлж, спортын мастер Н.Бэх-Очир (Орхон), Г.Харуулбаатар (Говьсүмбэр), спортын мастер Б.Нямдаваа (Багануур), дэд мастер Б.Боорчи (Говьсүмбэр) нар айрагдаж, дэд мастер Г.Бямбаа (Говьсүмбэр) эмэгтэй шатарчны тусгай шагнал хүртэв.
Өсвөрийн шатарчдын таван насны ангиллын тэмцээнд 220 гаруй тамирчин оролцсоноос 8 хүртэлх насанд хөвгүүдээс Л.Дөлгөөн (Дархан-Уул), Э.Энх-Од (Сүхбаатар), Б.Болорсүх (Говьсүмбэр), охидоос Б.Мөнгөнзул (Хангарьд), Г.Маралгуа (Багануур), Ц.Хүрэлцэцэг (Алаг морьт), 10 насанд Ц.Хасбилэг (Багануур), Э.Батжаргал (Хангарьд), А.Эрхэмбаяр (Сүхбаатар), охидоос Т.Хүслэн (Дорнод), Б.Хүслэн (Цагаан морь), О.Цэлмэг (Багануур), 12 насанд М.Батням (Хөвсгөл), Э.Золбоот (Сэлэнгэ), Г.Мөнхтулга (Хөвсгөл), охидоос Б.Дэжидмаа (Цагаан морь), Н.Номин-Эрдэнэ (Булган), Б.Хонгорзул (Хөвсгөл), 14 насанд Э.Батнаран (Хангарьд), Б.Мөнх-Эрдэнэ (Дорнод), О.Алтангэрэл (Багануур), охидоос М.Сарантуяа (ДарханУул), Б.Эрдэнэхөлөг (Сэлэнгэ чесс), Н.Булганчимэг (Булган), 18 хүртэлх насанд Т.Пүрэвдорж (Өвөрхангай), А.Аръяабадрал (Дорнод), А.Жаргалсайхан (Хангарьд), охидоос Б.Алтантуяа (Сэлэнгэ чесс), Ц.Амарбилэг (Багануур), С.Жаргалмаа (Сэлэнгэ чесс) нар тэргүүн байруудыг тус тус эзэлжээ.
“Суман тэрх” ХХК 6 сая гаруй төгрөгөөр ивээн тэтгэсэн энэхүү тэмцээнд багийн дүнгээр Багануур дүүрэг (дасгалжуулагч нь Ц.Батболд), Орхон аймгийн “Хангарьд” (О.Батзориг), “Сэлэнгэ чесс” (Д.Билэгсайхан) клубууд тэргүүн байруудад шалгарав.
"Мемориал Таля" эхэллээ
Энэ сарын 13-нд ОХУ-ын нийслэлд дэлхийн аварга Михаиль Талийн дурсгалд зориулан найм дахь удаагаа зохиогдож буй 10 супер мастерын тойргийн тэмцээн эхэллээ. Эхний гурван тавилын дараа Ф.Карауна (Итали, 2774), Б.Гельфанд (Израиль, 2755), Х.Накамүра (АНУ, 2784), Ш.Мамедьяров (Азербайжан, 2753) дөрөв 2, В.Ананд (Энэтхэг, 2786), М.Карлсен (Норвег, 2864), Д.Андрейкин (ОХУ, 2713) гурав 1.5, С.Карякин (ОХУ, 2782), А.Морозевич (ОХУ, 2760) хоёр 1,В.Крамник (ОХУ, 2803) 0,5 оноотой байна.
Гурван сарын өмнө Лондон хотноо явагдсан Дэлхийн аварга В.Анандтай халз тулалдах өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд ижил амжилт үзүүлж байсан М.Карлсен, В.Крамник нар нэгийн даваанд учраа таарч норвег залуу ялалт байгуулсан бол түргэн өсч байгаа итали залуу Ф.Карауна хоёрдугаар тавилд хамгийн ахмад шатарчин Б.Гельфандтай хайнгадуухан нүүж хожигдсон нь энэ тэмцээний эхний шатны онцлог байлаа. Ер нь дөрвөн супер “К”-гийн тоглолт тэмцээний өнгө аяс, эцсийн дүнг тодорхойлох бололтой. Эдгээрээс хамгийн залуу хоёр “К”-ын гуравдугаар тавилд нүүсэн, сургамжтай төгсгөл бүхий өргийг сонирхоно уу.
.jpg)