.jpg)
news.yahoo.com цахим хуудаст өчигдөр нийтэлсэн мэдээллийг товчлон хүргэж байна. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох уу, эсвэл цоо шинэ Ерөнхийлөгч гарах уу гэдгийг шийдэх сонгууль тун удахгүй болох гэж буй энэ үед түүнтэй холбоотой ноцтой мэдээлэл гарав. Энэ нь өнгөрсөн зун буюу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд тэрбээр БНСУын хөрөнгө оруулагчдад алтны ямар ч илэрц байхгүй ордны лицензийг өгч, луйвардсан тухай. Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Элбэгдорж, түүний зөвлөх П.Цагаан, гадаад бодлогын зөвл өх Л.Пүрэвсүрэн нар БНСУ-д очиж тус бүр нь 150 сая воны дөрөв, 100 сая воны нэг ширхэг чек хүлээн авчээ. Нийт дүн нь ойролцоогоор 650 мянган доллар болсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүмүүс Өмнөд Солонгосын нэгэн хөрөнгө оруулагчид Монголын төрийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлэх санал тавьсан байна. Мөн Германы нэгэн компанид 10 сая доллараар уг лицензийг санал болгохоор төлөвлөсөн байжээ. Улмаар хөрөнгө оруулагч тал сая доллар шилжүүлж, лицензтэй газраа шалгаж эхэлсэн байна. Хайгуулын ажилд 400 мянган доллар зарцуулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч болон БНСУ-ын Засгийн газрын уул уурхайн хамтын ажиллагааны байгууллага хамтран санх үүжүүлжээ. Гэвч тухайн газар нутагт ямар ч алтны нөөц байхгүй байсан бөгөөд Монголын Засгийн газарт мэхлэгдсэн гэдгээ ойлгожээ. Эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлж буй энэ улсыг хөрөнгө оруулагчид “Төв Азийн Кувейт” гэдэг боловч улстөрчдөөсөө эхлэн авлигад холбогдож байгаа нь хөгжлийг сааруулах том тээг болж байна.
П.Цагаан: Ерөнхийлөгч хууль бус зүйл хийгээгүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон улсын залилангийн гэмт хэрэг лицензийн хууль бус наймаатай нэр холбогдсон тухай мэдээлэл гаднын сайтад гарчээ. Уг мэдээллийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр тайлбар хийлээ. Тэрбээр мэдээллийг сонгуулийн хоосон гүтгэлэг хэмээн онцлоод “Ийм гүтгэлэг гаднын хэвлэлээр дамжих боллоо. Төрийн тэргүүн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 2009 оны сонгуулийн үеэр солонгосчуудаас мөнгө авсан гэж гүтгэж байсан түүхийг давтах сонирхол байх шиг байна” гэлээ. Мөн хэвлэлээр удахгүй элдэв гүтгэсэн мэдээлэл цацуулах хүсэлт гарвал автахгүй байхыг хүслээ. Тэрбээр “Судалгаа хийж үзэхэд зарим нэр дэвшигч хуулиар олгосон сурталчилгааны цагийн 80 хувийг хар мэдээ хийхэд зориулж байна. Өрсөлдөгчөө муулахгүй, хийх ажлаа сурталчилж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж ажилламаар байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб ийм л зарчимтай ажиллаж байгаа” гэлээ.
Т.Жигүүр