“Тэмээчдийн зөвлөлгөөн-Тэмээн соёлын өдөрлөг-2015” энэ сарын 25-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болж, зүүн бүсэд анх удаа болсон байгаа уг арга хэмжээнд тус аймгийн Булган, Гурванзагал, Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг 10 –аад сумдаас тэмээчид ирж идэвхитэй оролцлоо.
Өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл, гал тахих, буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах гэх, тэмээн поло зэрэг тэмцээн уралдаан болов. Мөн тэмээчид зөвлөлгөөнөө хийн тэмээг хэрхэн өсгөн үржүүлэх тухай илтгэл тавьж, санал санаачлага, учирч буй хүндрэл бэрхшээлийг сонсож, шинээр болон урьд өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагаа хуваалцлаа. Энэ үеэр тэмээчдийн холбоогоо ч байгуулаад амжсан ажил хэрэгч үйл ажиллагаа болж чадсан юм.
Уг арга хэмжээнд оролцсон сумдаас Цагаан-Овоо сум шилдэг сумаар шалгарч шилжин явах цомоор шагнууллаа. Тус сум цагтаа 3463 тэмээ тоолуулж “Мянган тэмээний баяр” хийж байсан удаатай.
Дорнод аймгийн хувьд “Тэмээ дэд хөтөлбөрийг” энэ онд хэрэгжүүлэхээр болсон. Уг санаачлагыг ахмад сэтгүүлч Л.Хэрээ санаачлан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлсэн батлуулж Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж, тэмээчдийг урамшуулах, ботго бүрт 20-50 мянган төгрөгний олгохоор болсон юм.
2014 онд Дорнод аймаг 4635 тэмээ тоолуулжээ.