Налайх дүүргийг хот болгох асуудлаар иргэд, оршин суугчдаас саналыг нь авахад 96.1 хувь нь дэмжсэн билээ. Хэрэв тус дүүрэг дагуул хотын статустай болбол тулгамдсан асуудлуудаа бие даан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Тухайлбал, тэндхийн хүүхэд залууст зориулсан соёл боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлага жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаагийн нэг нь номын сан. Гэвч улсын төсвийн хөрөнгөөр номын сан байгуулахад удаашралтай, бас хүндрэлтэй учраас өдий хүртэл асуудал шийдэгдээгүй байж.
Одоогоор Налайхын ерөнхий боловсролын сургуульд 6000 гаруй сурагч, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд 1200 орчим хүүхэд сурдаг байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхэд бага ч гэсэн нэмэр болох үүднээс “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага Налайх дүүргийн III хороонд “Номын байшин” номын сангийн төсөл хэрэгжүүлж байгаа аж. “Номын байшин”-д хүүхдүүд хичээлийн бус цагаараа очиж ном уншин, гэрийн даалгавраа хийж, англи хэл, компьютерийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ зураг, гар урлал зэрэг олон төрлөөр өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой. Хүүхэд залуусын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1800 орчим бүтээлээр фондоо баяжуулаад буй тус номын сангаар өнгөрсөн жил 1300 гаруй сурагч үйлчлүүлжээ.