Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг дөрөв дэх жилдээ шалгаруулж, хүндэт өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа. 2014 онд бусдыгаа манлайлсан байгууллагуудад шагнал гардуулах арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эс Си Ти Эм” барилгын компанийн байранд болов. Учир нь энэ арга хэмжээг зүгээр л нэг шагнал гардуулаад өнгөрөх төдий бус, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н үзүүлэх сургуультай хамтатган зохиосон нь өвөрмөц байсан юм. Шалгарсан байгууллагууд өөр өөрсдийн арга туршлагаас солилцохын зэрэгцээ солонгосчууд ажлын байрны аюулгүй байдал, хаалт хамгаалалт, санамж, зөвлөмж, тэмдэг тэмдэглэгээг хэрхэн байрлуулдаг, ХАБЭА-н сургалт, өдөр тутмын зааварчилгааг хэрхэн өгдөг болохыг ёстой л “өнгөтөөр” нь үзэв.
Эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, ажилчдыг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгжээс явуулж буй үйл ажиллагаа, санал санаачлага, сайн туршлагыг урамшуулан дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү шалгаруулалтад оролцох байгууллагуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж.
Тэднээс өнгөрсөн онд “Эс Си Ти Эм” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “МАК” ХХК-ийн Нарийн сухайтын уурхай, “Терра Энержи” ХХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, Орхон аймгийн V цэцэрлэг, Сүхбаатар аймаг дахь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн есөн байгууллага эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгчээр шалгарчээ.