Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаан хоёрдугаар сарын 25, 26-нд болжээ. Тус хуралдаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ нэр бүхий гурван хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүйгээр болон зургаан сар, хоёр жилээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. Эдгээр хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.6, 27.1, 27.2, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.4.1.12, 1.7.1 зэргийг зөрчжээ.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар ирсэн гомдлыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу шалгаж шийдвэрлэдэг бөгөөд шийдвэрийг маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцож буй бүрэлдэхүүн хэлэлцэн тогтоол гаргадаг байна. Маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцох бүрэлдэхүүнд Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн гурван шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч багтдаг юм.