МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. НҮБ Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр 2012 оноос техникийн туслалцаа үзүүлж, олон улсын Т-21 загварыг нэвтрүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж буй.
Уулзалтын үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахаар УИХ-аас байгуулсан Ажлын хэсэгт үргэлжлүүлэн техникийн туслалцаа үзүүлэх, хөгжлийн бодлогын зорилт, стратегийг улс төрийн бүх хүчин, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд, салбаруудын хүрээнд өргөн хэлэлцүүлэг хийж, тэдгээрийн саналыг тусган эцэслэн боловсруулахад боломжит бүхий л хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцов.
Жил гаруйн өмнө УИХ-аас байгуулсан хөгжлийн урт хугацааны бодлого, стратеги боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ дахь намын бүлгийн дарга нар ахлан ажиллаж байгаа билээ.
Б.НОМИН