“Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлахыг уриалж өчигдөр Чингисийн талбайд эв нэгдлийн цуглаан зохион байгууллаа. Тус группийн гишүүд хүчирхийлэлд өртөж нас барсан дөрвөн настай охины хэргийг замхруулахгүй байхыг төр засаг, хууль хяналтынхнаас шаардав. Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэрэг олон нийтэд ил болсон өдөр тус групп нээгдсэн бөгөөд одоогоор 80 мянга гаруй ээж нэгдээд байгаа аж. Тэд хүчирхийлэлд өртөж нас охины дурсгалд зориулж өнгөрсөн бямба гаригт “Цагаан цуглаан” зул өргөх арга хэмжээ зохион байгуулсан юм.
“Ээжүүдийн дуу хоолой” группийн гишүүн З.Баярцэцэгээс цуглааны талаар тодрууллаа.
-Та бүхний өнөөдрийн арга хэмжээний зорилго юу вэ?
-Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хаврын чуулганаар батлуулахын төлөө бүхий л хүч чадлаараа дуу хоолойгоо хүргэж, тэмцэнэ. Манай группийн үйл ажиллагаанд хүний эрхийн хуульч М.Ичинноров нэгдэж, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх боломж байгаа эсэхийг судалж, бидэнд зөвлөгөө өгөх юм.
-Ээжүүд гуравдугаар сарын 8 хүртэл Чингисийн талбайд өдөр бүр цуглана гэсэн үү?
-Тийм ээ, бид өдөр бүр Чингисийн талбайд цуглаан хийнэ. Мартын 8-ны өдрөөр эмэгтэйчүүд хэн нэгнээс бэлэг авч, вино уугаад өнгөрдөг цаг ард хоцорсон. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс эрх нь зөрчигдөж буй хэн нэгэнд туслахыг уриалж бид цуглаж байна. Энэ үйл ажиллагаа нэг хүний, хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө биш гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
Э.НЯМДУЛАМ