Нийслэлд цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байгааг амтай болгон хэлж, дарга даамлуудын чих хэрийн юмыг тоохгүй болтлоо дөжирсөн. Гэтэл даарин дээр давс гэгчээр 500 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэг хаалгаа бариад долоо хонолоо. Цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэхийг тааж хэлэх аргагүй. Тус цэцэрлэгийн барилга 1986 онд ашиглалтад орсон. Бас ч гэж “залуу” цэцэрлэгүүдийн тоонд зүй ёсоор орох ч хүйтний улиралд барьсан учраас чанарын шаардлага хангадаггүй гэнэ. Хэдэн жилийн өмнөөс л шугам хоолой нь байн байн задарч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэрээр урсгал засвар хийж, хэсэг хэсгээр нь сольдог байжээ.
Гэвч энэ удаа бохирын шугам нь хэр баргийн засвар авахааргүй болсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн шалгалтаар бохир усны далд ширмэн хоолойнууд цуурч, бохирын ой гутам үнэр цэцэрлэгээр тархаж, улмаар ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсныг тогтоожээ. Эрүүл ахуйн арчдасын шинжилгээгээр нянгийн 100 хувийн бохирдол илэрч, хүүхдийн эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн аж. Иймээс өнгөрсөн сарын 25-наас уг цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Азаар 2015 оны нийслэлийн төсөвт тус цэцэрлэгийн засварт 80 сая төгрөг төсөвлөсөн байж. 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдмаа “Нэг сарын хугацаанд засвар хийх үүрэг бидэнд өгсөн.
Засвар хийх компани нь шалгарчихвал өдөр шөнөгүй ажиллуулж, сарын дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар төлөвлөж байна. Тендер зохион байгуулах эрх дүүрэгт шилжиж, өнгөрсөн долоо хоногт зарласан. 80 сая төгрөгөөр бохирын шугам хоолой болон 12 ангийн ариун цэврийн өрөөг иж бүрэн засна. Ер нь цэцэрлэгийн сантехникийн бүх шугам хоолой, дээвэр, ангиудын засварт 230 сая төгрөг шаардлагатай. Дүүргийн удирдлагын зөвлөлийн хурлаар цэцэрлэгт энэ жил нэг мөр иж бүрэн засвар хийж, 5-6 жил дахиж хөрөнгө оруулахгүй байх шийдвэр гарсан. Хэрэв мөнгө нь шийдэгдвэл засварыг хоёр компани зэрэг хийх юм. Бид аль болохоор хүүхдүүдийг хохироохгүйг зорьж байна. Гэхдээ чанартай засвар хийхийн тулд хэт яарч болохгүй” гэлээ.
Тус цэцэрлэгийн 12 бүлэгт 595 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байснаас 165 нь ирэх жил сургуульд элсэнэ. Тэдний эцэг, эхтэй багш нар холбоотой байж, фэйсбүүк ашиглан даалгавар өгч байгаа гэнэ. Хэдийгээр эцэг, эхчүүд цэцэрлэгийн нөхцөл байдлыг ойлгож байгаа ч хүүхдээ оруулах улсын цэцэрлэг байхгүй, байлаа ч багагүй мөнгө нэхдэгийг, мөн хувийн цэцэрлэг өндөр төлбөртэйг учирласан юм. 41 дүгээр цэцэрлэг 44 багш, ажилтантайгаас 95 хувь нь цалингийн зээлтэй гэнэ. Хөдөлмөрийн тухай хуульд сул зогсолтын нөхөн олговор гэж цалингийн 60-аас дээш хувийг олгодог бол цэцэрлэгийн хамтын гэрээнд 90-95 хувь гэж заасан байна. Иймээс багш нар хамтын гэрээнд заасны дагуу цалингийнхаа 90 хувийг авна гэж итгэж байгаагаа ярилаа. Тэд өдгөө хүүхдүүдийн хэрэглэж байсан зүйл, тоглоом зэргийг эмхэлж цэгцлэн, битүүмжилж, ариутган, халдваргүйжүүлж байгаа аж.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ