Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ны хуралдаанаараа "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоол баталсан. Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийн хэмжээг 22 мянга, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр тус тус нэмлээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийг 126.5 мянга, асаргааны тэтгэмжийг 58 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ хүрээнд 320.5 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 17 мянга орчим иргэний тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн юм. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсөн 283.8 мянган төгрөг болж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 195 мянган төгрөгт хүрч байна. Харин нийгмийн халамжийн 75 мянган тэтгэвэр авагчдын тэтгэвэр 11.5 мянган төгрөгөөр, нийгмийн халамжийн асаргааны 42.2 мянган иргэний тэтгэмж 5.2 мянган төгрөгөөр нэмэгджээ.