Бид өчигдрийн дугаартаа “Khan Resources”, “Төв Азийн уран холдинг” компаниудтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан хэргийг Олон улсын арбитрын шүүх шийдэж, манайх 100 сая ам.долларын нөхөн төлбөрт унасныг мэдээлсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар тус шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж оролцсон, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг өчигдөр албан ёсоор мэдээллээ.
Тэрбээр “Khan Resources”, “Төв Азийн уран холдинг” компанийн нэхэмжилсэн 326 сая ам.долларыг хэт өндөр хэмээн үзэж, 80 сая ам.долларын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч талын шүүх үйл ажиллагаанд гаргасан холбогдох зардлын хамт манай Засгийн газраар төлүүлэхээр шүүх шийдвэрлэснийг мэдэгдсэн юм. Харин тэрбээр энэхүү шийдвэртэй холбоотойгоор Засгийн газар ямар арга хэмжээ авах тухайд “Шүүхийн 100 гаруй хуудас шийдвэртэй танилцаж байна.
Засгийн газраас авах арга хэмжээ нээлттэй. Нэхэмжлэгч талтай яриа хэлэлцээ хийх болон давж заалдах эрхтэй. Үүнийг Засгийн газрын түвшинд шийднэ. Мөн шүүхээс холбогдох тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч талд өгөхөөр шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн тусгай зөвшөөрөл Монголд үлдсэн. Энэ нь “Khan Resources”, “Төв Азийн уран холдинг” компаниудын эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олборлох, ашиглах, хөрөнгө оруулах эрх нь нээлттэй гэсэн үг.
Магадгүй арбитрийн шүүхийн үйл ажиллагааны зардлыг гаргуулах замаар хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжтой” гэв. Мөн тэрбээр арбитрийн шүүхийн шийдвэрийг хэдий хугацаанд хэрэгжүүлэх ёстойг тодорхой мэдээлсэнгүй. Үүнээс гадна энэхүү маргааныг шийдвэрлэхэд Засгийн газар хэдий хэмжээний зардал гаргасныг нууцлав.
Б.НОМИН