Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүд клуб нь өнгөрсөн 2014 оноос эхлэн дэлхийн хүчирхийллийн эсрэг JOIN ME ON THE BRIDGE олон улсын хөдөлгөөнд анх удаа нэгдэж дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
Өнгөрсөн жил тус хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал зохион байгуулж, залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж улмаар Энх тайвны гүүрэн дээр уриалгуудаа барин дуу хоолойгоо нэгтгэж байсан юм.
Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, цаашлаад залуу эмэгтэйчүүдийн манлайллын асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлүүлэх үүднээс уг арга хэмжээг уламжлалт болгон зохион байгуулахаар болжээ.
Хүчирхэг эмэгтэйчүүдийн чуулганаар дээрх асуудлуудыг ярилцаж, санал шийдлүүд гарсныг ийнхүү тайван жагсаалаар олон нийтэд хүргэх гэж байгаа юм байна.
Тайван жагсаал Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 11:00 цагт болно. Жагсаалд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүд МЗХ-ны байранд цуглан, "Хөдөлмөр залуус" клубийн залуучуудын флаш мобыг сонирхож, Энх тайвны гүүр лүү алхаж тайван жагсаалд оролцож болох юм.