Банкууд энэ оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд банкуудын удирдлагууд “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
Ингэснээр банкууд зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн эрсдэлтэй салбарт тусгайлан шаардлага тавих юм байна. Мөн банк өөрөө үлгэрлэн манлайлах хүрээнд банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр банкны үйл ажиллагааг явуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх аж.
Тодруулбал, барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчээс барилга байгууламжийн нийт талбайн 20-иос доошгүй хувийг ногоон байгууламж байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх стандарт байдаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, хянахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл эл шаардлагуудыг банкнаас зээл олгохдоо нэмэлт нөхцөл болгох замаар харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдлийг үнэлэх юм байна. Түүнчлэн банкнаас зарим төсөл хэрэгжүүлэгчид нэмэлт шаардлага тавих буюу ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасны дагуу бүрэн төлөх, тэдгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалин хөлсийг олгох, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, зааварчилгаатай байх зэрэг шалгуур тавина хэмээн банкны салбарынхан тодотгож байна.
Харин банкуудын зүгээс тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарц бий болгох, тодорхой тооны АТМ-ыг харааны бэрхшээлтэй иргэдэд ашиглах боломжтой болгох буюу ярьдаг болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд банкны салбараар дараалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн Монгол Улсад импортоор оруулж ирж буй 10-аас дээш жилийн насжилттай суудлын авто машиныг зээлээр санхүүжүүлэхээс татгалзах, “Банк төгөл” аяныг үргэлжлүүлэн банкны салбарын хэмжээнд мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголбанк, Нийслэлийн удирдлагууд идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлж буй юм.