Хан-Уул дүүргийн наймдугаар хороо дүүрэгтээ хамгийн олон буюу 11 мянга гаруй хүн амтай. Цэцэрлэгийн насны 913 хүүхэдтэй. Гэвч тус хороонд нэг ч цэцэрлэг байдаггүй, 315 хүүхэд л ойролцоох хорооныхоо цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байжээ. Харин үлдсэн 598 хүүхдийг эмээ, өвөө, ах, эгч нь асрах, эсвэл эцэг эхийн аль нэг нь ажлаасаа гаран харж, бусад нь цоожтой хаалганы цаана хоцордог байж. Тэгвэл эдгээр хүүхдийн 240 нь цэцэрлэгтэй болж, өчигдөр нээлт нь болов. 209 дүгээр цэцэрлэгийг нийслэлийн 1.5 тэрбум төгрөгөөр “Өсөх урам” компани барьжээ. Хорооны хэмжээнд сургууль, цэцэрлэг барих газар байдаггүй аж. Харин энэ цэцэрлэгийн газар хувь хүний эзэмшилд байсныг дүүргийн удирдлагууд тохиролцож, авчээ. Түүнчлэн тус цэцэрлэгт ажиллаж байгаа 41 багш, ажилтны олонх нь наймдугаар хорооных гэнэ.