Монгол дайчид Москвагийн Улаан талбайд уухай хадааж, жигдрэн алхана. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн урилгаар хойд хөршийн Төрийн тэргүүн өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсын цэргийн алба хаагчдыг Эх орны дайнд ялсны 70 жилийн ойн ёслолын сүрт жагсаалд оролцуулах талаар ярилцсан юм.
Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр албан ёсны урилгаа ирүүлсэн аж. Ингээд манай Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдаас 80 хүнийг сонгон шалгаруулж, Улаан талбайд “хөл тавих” дайчдыг сонгожээ.
Энэ талаар Ёслолын жагсаалд оролцоход бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяраас тодрууллаа.
-Парадад оролцох цэргүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?
-Урилга ирсний дагуу БХЯ, ЗХЖШ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, ажлаа төлөвлөн Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан. 180-185 см өндөртэй, бие бялдрын хөгжил сайтай, зөв төрхтэй, элдэв сорви, шивээсгүй, цэргийн хэргийн болон жагсаалын дүрмийн мэдлэгийг гол шалгуур болгосон юм. Шалгаруулалтад Зэвсэгт хүчин, хилийн цэргийн бүх анги салбарынхныг хамруулж, эхний шатанд 166 хүн сонгосноос дахин шалгаруулалт явуулж, нөөцтэйгөө 80 орчим хүнийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөн, бэлтгэл хийлгэж эхэллээ. Эндээ бэлтгэл хийж байгаад ОХУ-д очиж жагсаалын хамтарсан бэлтгэл хийх байх.
Хэдийгээр тус улсыг зорих вэ. Мэдээж буу барьж алхах байлгүй. Эндээсээ авч явах уу, оросууд буу бэлтгэж өгөх үү?
-Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн талбайд өдөр бүр жагсаалын бэлтгэл хийж байгаад дөрөвдүгээр сарын 20-доор ОХУ-д очно. 25-наас нэгдсэн бэлтгэлд оролцох байх. Зэвсгийн тухайд хоёр тал тохиролцоод ОХУ-ын талаас АКА буу бариулах болсон гэв.
Зэвсэгт хүчний анги салбараас хугацаат цэргийн зургаан алба хаагчийг сонгосон бөгөөд тэдний хамгийн отгон нь 19 нас хүрч байгаа бол бусад нь 20-21 настай гэнэ. Ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагчдын бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар өчигдөр танилцсан юм. Энэ үеэр ЗХЖШ-ын хугацаат цэргийн алба хаагчид төдийгүй Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нараас гадаад хэлний тэр дундаа орос хэлний мэдлэгийг нь илүүтэй лавлаж байсан. Харамсалтай нь хугацаат цэргийн алба хаагчдын нэг нь ч хойд хөршийн хэлийг бүү хэл англи хэл мэднэ гэж хариулсангүй.
Офицер, ахлагч нарын бүрэлдэхүүнээс ОХУ-д цэргийн сургууль төгссөн хүмүүсээс бусад нь мөн л очих гэж буй орныхоо хэлийг мэдэхгүй гэж байлаа. Харин Зэвсэгт хүчнийхнээс сонгогдсон цэргүүдийн ихэнх нь НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах бусад ажиллагаанд оролцсон бол хилчдээс нэг л ахлагч “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцжээ. Офицер, ахлагч нарын бүрэлдэхүүний хамгийн ахмад нь 40 хүрч байгаа бол бусад нь 25-36 насныхан. Жагсаалд оролцох цэргүүд Зэвсэгт хүчний алба хаагчдын өмсдөг ёслолын хувцсаар ижилсэх гэнэ.
Манай цэргийн алба хаагчид Улаан талбайтай ойролцоо хэмжээ, зай талбайтайгаар нь тээврийн хэрэгсэл явах зам болчихоод байгаа Урт цагааны талбайд жагсаалын бэлтгэл хийхээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хүсэлт тавьжээ. Жагсаалын бэлтгэл ажилтай танилцсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан цэргүүдэд хандаж “Эх орны дайны түүх, энд Монгол Улс холбоотноор оролцсон байдалтай танилцан, худам монгол бичиг уншиж бичдэг болгох нь чухал. Монгол Улс Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буй бусад орноос түүх соёл, уламжлал, босоо бичгээрээ ялгарна. Гурван сая монголчуудаа төлөөлж та бүхэн Улаан талбайн парадад анх удаа “хөл тавих” гэж байна.
Монголын нүүр царай болж очиж байгаа та бүхэн сахилга баттай, үлгэр жишээч байж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд сайнаар дуурсгаж, дэлхийн цэрэг болсноо харуулахыг хүсье. Парадад монгол цэргүүд алхах болсонд Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаа. Бэлтгэл хийхэд тусалж дэмжихээ илэрхийлсэн” гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол цэрэг Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын сүрт жагсаалд алхах болсон нь маш том аз завшаан. Энэ арга хэмжээнд оролцохоор сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Хамгийн гол нь маш хариуцлагатай байж, бэлтгэл сургуулилалтаа сайтар базаахыг хүсэж байна.
Энэ бол монгол цэргийн сүр хүчийг олон улсад дахин гайхуулах түүхэн арга хэмжээ. Дэлхийн бусад орны цэргүүдэд та бүхэн Монголын түүхээ ярьж, эх орноо сурталчлах учиртай” гэлээ. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд жагсах монгол дайчдыг Зэвсэгт хүчин, хилийн цэргээс, эх орны өнцөг булан бүрээс сонгосон гэдгийг дээр дурдсан. Ховдын хязгаар, Дорнодын уудам талд эх орныхоо эс ширхэг бүрийг хамгаалж буй цэргийн алба хаагчид энд багтсан. Тэдний нэг Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн цэргийн 0275 дугаар ангийн заставын орлогч, дэслэгч П.Баттулга “Эх орноо төлөөлөн энэ том арга хэмжээнд оролцохоор сонгогдсондоо маш баяртай байна.
Монгол цэргүүдийнхээ нэр, хилчдийнхээ яруу алдрыг дуурсгахын төлөө хичээж бэлтгэлээ базаах болно” гэж ярилаа. ОХУ-ын Москва хотын Улаан талбайд тавдугаар сарын 9-нд болох ялалтын парадад 20 гаруй орны 14 мянга орчим алба хаагч жагсана гэх мэдээлэл бий. Оролцох орон, цэргийн алба хаагчдын тоо нарийвчлан гараагүй байгаа ч Монгол, АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ, Армен, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд оролцохоор уригдсан албан бус мэдээлэл байгааг БХЯ-ныхан хэлэв. Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн ялалтын сүрт жагсаалаас эхлэн (таван жилийн өмнөөс) гадаадын цэргийн бүрэлдэхүүн парадад алхаж буй аж.
Г.ЦОЛМОН