Хууль зүйн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд туслах зорилгоор “Аюулгүй гар утас” аян эхлүүлж байна.
Аяныг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ зохион байгуулж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, Гэгээ уран бүтээлийн нэгдэл дэмжин хамтран оролцож байгаа юм.
Аяны хүрээнд иргэдээс сайн дурын үндсэн дээр хандивласан гар утас цуглуулж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, асуудал хариуцсан алба хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэдэд түгээх ажлыг зохион байгуулах юм. Энэхүү аяныг хүчирхийлэлд өртсөн иргэдээс авсан судалгаанд үндэслэн зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, гэр бүлийн орчинд болон бусад тохиолдолд аливаа хүн хүчирхийлэлд өртөхөд нэн тэргүүнд хэн нэгнээс тусламж хүсэх холбоо барих боломжгүй болдог. Хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болохыг тогтоожээ. Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлгийн, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход нөлөөлдөг байна. Иймээс дахин эрсдэлд орохоос сэргийлж хүчирхийлэлд өртөж Түр хамгаалах байранд байрлаж байгаа болон цагдаагийн тусламж авсан, дүүрэг хорооны нийгмийн ажилтнуудын дэмжлэг авч байгаа иргэдэд олон нийтээс хандивласан гар утсыг дугаарын хамт өгөхийг зорьж байгаа аж.
Иймээс нэг сарын аяны хугацаанд Хууль зүйн Үндэсний хүрээлэн болон бусад зарласан цэгүүдэд байршиж байх “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” ТББ-ын ажилтнуудад иргэдийг гар утсаа хандивлахыг уриалж байна. Иргэдийн хандивын гар утсыг хүлээн авах цэгүүдийг энэ сарын 9-нд орон даяар зарлах юм.