Албан хаагчдаа орон сууцтай болгоход нь Онцгой байдлын ерөнхий газарт Төрийн орон сууцны корпорац туслахаар боллоо. Эл зорилгоор 2015-2017 онд хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 6-нд ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал, ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцсон юм.
ТОСК нийслэлийн Хан-Уул дүүрэгт бариулсан “Буянт-Ухаа 1”, “Буят-Ухаа 2” хорооллоос энэ жил нийт 60 айлын орон сууцыг онцгой байдлын ажилтнуудад олгохоор болж байна. Мөн Дархан-Уул, Увс, Архангай, Хэнтий, Орхон, Ховд, Дорнод аймгийн төв, Хэнтийн Бор-Өндөр, Сэлэнгийн Мандал сум болон бусад газарт ТОСК-ын санхүүжилтээр барих орон сууцны арваас доошгүй хувийг тухайн орон нутагт ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдад хуваарилна.
Харин ОБЕГ байр авсан ажилтнуудынхаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрэн төлүүлэх, бага хүүтэй зээлд хамруулах, үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээлээ. ОБЕГ-ын харьяа газар, хэлтсүүдийг эзэмшил газартаа инженерийн шугам сүлжээ татуулчихвал орон сууц бариулахад нь ТОСК дэмжиж туслах юм байна. Ийм байдлаар 2015-2017 онд онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаар хангагдах юм. Эргээд ТОСК-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт ОБЕГ мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, ажилтнуудынх нь бие бялдрыг хөгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд туслахаар болов.