Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб 2014 онд “Join me on the bridge” хүчирхийллийн эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдсэн юм. Тус клубийн гишүүд өнгөрсөн жил Энхтайваны гүүрэн тайван жагсаал зохион байгуулж, залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг олон нийтэд хүргэсэн. Тэд энэ жилийн тайван жагсаалаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өчигдөр хийлээ. Жагсаалд МЗХ, “Өглөөний хүн”, “Хөдөлмөрч залуус” клубийн гишүүд нэгдэж, 11.00 цагт МЗХ-ны байрнаас Энхтайваны гүүр хүртэл “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганаас гарсан санал шийдлүүд, уриалгыг барин алхав. Энэ үеэр “Хөдөлмөрч залуус” клубийнхэн флаш моб хийсэн. Өнөө жилийн жагсаалд эрчүүд нэгдэн, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлст дуу хоолойгоо нэгтгэсэн нь содон байв. Сонирхуулахад, “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийхөн Конго, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, асуудлыг энх тайвны зарчмаар шийдэхийг уриалан ойролцоох гүүр хүртэл алхдаг. 2014 оны байдлаар дэлхийн 70 гаруй орны 464 гүүрэн дээр ийм хөдөлгөөн өрнөжээ.