Тавантолгойн хэлэлцээ завсарлажээ. Хэлэлцээрийг Сар шинийн баярын өмнө эцэслэж, гэрээг байгуулах тухай Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан өнгөрсөн сарын эхээр ярьж байлаа. Энэ үедээ тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Chalco”- той байгуулсан “нууц” гэрээний тухай төсөөлөө ч үгүй байсан бололтой. “Aluminum Corporation of China” буюу товчоор ердөө “Chalco”. Хятадын төрийн өмчит, дэлхийн хөнгөн цагааны гурав дахь том үйлдвэрлэгч тус компанитай монголчууд 2011 оны намар танилцаж байлаа. Тавантолгойн уурхайн Зүүн Цанхийн нүүрсийг таван жилийн турш нийлүүлэх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” энэ компанитай үзэглэж, урьдчилгаа төлбөрт 350 сая ам.доллар авсан. Түүнийг нь Та, бид “Эх орны хишиг” хэмээн алга тосон авч, идээд, уугаад, үрэн таран хийсэн билээ.
Урьдчилгаа төлбөрийг 1-1.5 жилийн дотор барагдуулна, үүний дараа таван жилийн хугацаанд экспортын нүүрснийхээ 70-80 хувийг “Chalco”-д нийлүүлнэ, Монгол Улсад маш ашигтай, амжилттай гэрээ боллоо хэмээн албан тушаалтнууд тэмдэглэж байсан нь 2011 оны долдугаар сарын 27-ны сонинд нийтлэгджээ. Харамсалтай нь зах зээлийн байдал бидний төсөөлсөн шиг таатай байсангүй. Эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх Тавантолгойн төсөлд энэ урьдчилгаа төлбөр саад болно чинээ санасангүй. Өнөөдрийн ханшаар бараг 700 тэрбум төгрөгт хүрэх энэ мөнгөний дийлэнхийг “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн хугацаанд “хар алт”-аараа төлсөн. Харин нүүрсний үнэ навс хямдарсан энэ өдрүүдэд “Chalco”-д нийлүүлэх нь ашиггүй гэж үзэн сүүлийн хэдэн сарын турш өмнөд рүү нүүрс ачуулааг үй. Одоогийн байдлаар 150- иад сая ам.долларын төлбөр дутуу байгаа бөгөөд энэ мөнгөнд “Chalco” жилийн 12 хувийн хүү бодож, “Эрдэнэс Тавантолгой”-н өрийн түүх улам зузаарсаар байгаа.
Манай эдийн засаг сайнгүй байгаа энэ үед ч нүүрс авалгүй, хүү бодуулаад мөнгөө авах сонирхол “Chalco”-д бий. Энэ нь гэхдээ эрх баригчдын толгой өвтгөх асуудал биш. Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах Монгол, Хятад, Японы гурвалсан түншлэл энэ өрийг төлж чадна. Харин энэ хоёр компанитай холбогдох, гуравдагч этгээдэд хаалттай, “нууц” гэрээний нарийн ширийн заалтууд хэлэлцээрийн ширээний ард хүндрэл учруулаад эхэллээ. Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг таван жилийн турш, мөн 60-66 хувийг дахиад таван жилийн турш “Chalco” компанид нийлүүлэх үүргийг “Эрдэнэс Тавантолгой” эл гэрээгээр хүлээжээ. “Урьдчилгаа төлбөрийг барагдуулж дууссанаас хойших таван жилд нүүрсний 70-80 хувийг нийлүүлнэ” хэмээн тухайн үед эрх мэдэлтнүүд олон нийтэд мэдээлж байсан боловч түүний дараа дахин таван жилийн хугацаанд үүрэг хүлээж байгаа, мөн гэрээний нарийн заалтуудыг ард түмэнд дэлгээгүйгээр барахгүй Засгийн газарт ч танилцуулаагүй бололтой.
Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрт авсан өрөө төлөөд өнгөрөх тухай асуудал биш, иргэн бүрт сард 21000 төгрөг олгохын тулд 10 жилээр Зүүн Цанхиа барьцаанд тавьчихсан гэсэн үг. Энэ бол 2011 онд С.Батболд Засгийн газар тэргүүлж, Б.Энэбиш “Эрдэнэс Тавантолгой”-н бодлогыг зангидаж байх үетэй холбогдоно. Ийм нэгэн гэрээ ил болсон нь Тавантолгойн хэлэлцээ завсарлах хонхыг цохиж орхижээ. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордод хөрөнгө оруулах “шинэ” консорциумыг шалгаруулсны дараа хоёр тал шийдэх учиртай 260 асуудлын жагсаалт гаргасан. Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг хэлэлцээ хийж, багцалсаар, тун цөөн, гэхдээ хамгийн ярвигтай асуудлууд өдгөө үлджээ. Гэхдээ хоёр сарын турш ярьсан энэ төсөл ганцхан асуудлаас болоод унахыг ч үгүйсгэхгүй. Өнөөдрийг хүртэл амжилттай явсан “Тавантолгой” төслийг унагаж ч мэдэх “хүч” “Chalco”-той байгуулсан хаалттай гэрээнд бий аж. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр гэрээг цуцалж болно. Гэхдээ ингэхдээ тулбал Засгийн газар Нью-Йоркт, Арбитрийн шүүхэд дуудагдаж таарна.
Ингэвэл “Khan Resources”-т 100 сая ам.долларын өрөнд ороод байгаа Монгол Улсын Засгийн газар дахиад “Chalco”- д дор хаяж 50 сая ам.долларын төлбөрт унах нөхцөл үүсэж мэдэх аж. Хэрвээ “Chalco” дахиад элдэв шалтгаан гаргавал ирээдүйн тав, арван жилд олох байсан ашгаа ч “Эрдэнэс Тавантолгой” компаниас нэхэмжлэх эрхтэй байхаар ийм “хэцүү” гэрээ гэнэ. Монголын талын мэргэжилтэн уншиж танилцсан, эсэхэд ч эргэлзмээр ийм нэгэн муу гэрээ Тавантолгойн хувь заяаг дээсэн дөрөөн дээр авчирлаа. Хэлэлцээрээс завсарлага авсан Ажлын хэсэг өдгөө эл гэрээг зохицуулах шийдэл олохоор ажиллаж байна. “Дэндүү хүнд асуудал” хэмээн Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан тодотгож байгаа. Хэрвээ энэхүү асуудлыг шийдэж чадвал өнөөдрийг хүртэлх бүх хэлэлцээ үр өгөөжөө өгч, Тавантолгой төсөл амжилттай урагшилна.
Харин шийдлийг нь олж чадахгүй бол өнгөрсөн хоёр сарын ажил, хүч, хөдөлмөр талаар өнгөрөх нь. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрээг нарийн судалж, шийдлийг нь олох хүртэл багагүй хугацаа зарцуулах бололтой. Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ өрнөсөн хоёр сарын хугацаанд зах зээлийн байдал улам мууджээ. Хятадын нүүрс олборлогч 15 компани өнгөрсөн сард анх удаа ажлаа долоон хоногийн турш бүрэн зогсоогоод байна. Ажлын цагаа ч хорогдуулсан гэнэ. Хятад тэр чигтээ нүүрсээр “хахаж”, далайн боомтын талбай, вагон дүүрэн “хар алт” гацаж байгаа аж. Эдгээр нь хэлэлцээний нөхцөлийг хүндрүүлж, талуудыг давхар дарамтад оруулсаар байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН