Хэсэг уран бүтээлч нэгдэн эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулан “Миний ээж” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “Бест” галерейд нээжээ. Тус үзэсгэлэнд багтсан 20 гаруй бүтээл эх үрийн нандин холбоог харуулсан бөгөөд тосон зураг, батик буюу торгон дээр урласан бүтээл, уран баримал зэрэг төрөлд хамаарах аж. Тухайн уран бүтээлчийн онцлог туссан 20 өөр туурвилаас шилдэг тавыг шалгаруулсан гэдгээ зохион байгуулагч, зураач С.Чулуунбаатар хэллээ.
Үүнд, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддоржийн “Монгол”, С.Алтангэрэлийн “Үдшийн Серенада”, Н.Одонбаярын “Сэтгэгдэл”, З.Уянгын “Ээж од”, Р.Чинзоригийн “Ээж минь тэнд залбирч байна” бүтээлүүд багтжээ. Зураач Н.Одонбаярын хувьд сүүлийн 10 гаруй жил ХБНГУ-д амьдарч, тэнд бие даасан хэд хэдэн үзэсгэлэн гаргаснаас гадна Орос, Польш, Япон, Солонгос, Франц, Герман зэрэг оронд олон улсын үзэсгэлэн, уралдаанд оролцсоор иржээ.
Түүний хэд хэдэн бүтээл “Сэтгэгдэл” нэрийн дор үзэсгэлэнд багтсан нь торгон дээр урласан бөгөөд алчуур болгон хэрэглэх боломжтой, өвөрмөц хээ, өнгөний хослолыг агуулсан байв. Энэ төрлийн бүтээл тэр бүр харагдаад байдаггүй. Танхимд дэлгэсэн бүтээл бүр өөр өөрийн түүхийг өгүүлж байсны нэг нь зураач С.Алтангэрэлийн “Үдшийн Серенада” юм. Тэрбээр ээжийгээ үргэлж үүлэн дээр хөвж буйгаар зүүдэлдгээ зурагтаа дүрсэлсэн байна. Энэ сарын 18 хүртэл үргэлжлэх эл үзэсгэлэнг зориод, ээжийн тухай юу хүүрнэснийг “сонсоорой”.
Х.ЦОЛМОН