Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг өргөн тэмдэглэв. УБХЦГ-аас амралтын өдрөөр гарсан гэмт хэргийн мэдээллийг авахад, Улаанбаатар хотын хэмжээгээр нийтдээ 163 хүн эрүүлжүүлэгджээ.
Хуучнаар Төмөр замын эрүүлжүүлэх буюу эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд олон эмэгтэй саатуулагдсан байна. Энэ нь эмэгтэйчүүд цөөнгүй тохиолдлоор архидсаных. Мөн замын цагдаагийн хяналтаар 98 согтуу жолооч илэрснээс 28 хүнийг нь эрүүлжүүлжээ. Зөвхөн эрүүлжүүлэн саатуулах нэг байранд гэхэд 43 хүн саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногт архидан согтуурах явдал их байсныг гэрчилнэ.
Цагдаагийн ахмад П.Саруултуяа " Эрүүлжүүлэх байрыг шинэчилсэн хуулиар Саатуулах төв гэдэг болсон. Архи хэтрүүлэн хэрэглээд хэрэг зөрчил гаргасан хүнийг ийм төвд хүргэдэг. Харин архины хордлогод орсон хүнийг эмнэлгийн байранд хүргэдэг. Үүнийг иргэд сайн ойлгохгүй байна" гэлээ. Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн ахлах ажилтан, хошууч В.Адьяацэнд " 2014 оны байдлаар 64943 хүнийг саатуулсан байна. Энэ нь архидан согтуурах явдал ихэсч байгаагийнх. Хуулийн дагуу саатуулах байранд хэрэг зөрчил гаргасан иргэдийг эрүүлжүүлж байгаа. Хэт хордлогод орсон хүнийг бол эмнэлэгт хүргэдэг. Цаашид ЭМСЯ, ХЗЯ иргэдээс гарч байгаа санал гомдлын дагуу дээрх төвүүдийн үйл ажиллагааг ялгаж, салгаж сайн ойлгуулах хэрэгтэй байна" гэж ярив.